Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаанаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар хэлэлцлээ. Иргэдээс санал авсны үндсэн дээр үр дүнгийг нь нэгтгэсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сан нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлт, төслийн эрэмбэ, хэрэгжилт, худалдан авах ажиллагаа, хяналт шинжилгээ үнэлгээ, хөрөнгийн удирдлага гэсэн 5 үе шаттай хэрэгжих хуультай.
Мөн 16 байршлын 3.8 га газрын нийтийн эдэлбэр газрын хамгаалалтад авах асуудлыг Нийслэлийн ИТХ-аар хэлэлцлээ. Уг асуудлыг хэлэлцэхийн өмнө Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт бүртгэсэн тогтоолын хэрэгжилтийг төлөөлөгчдөд танилцууллаа. Нийслэлд нийт 219 байршилд 285.23 га газрыг нийтийн эзэмшилд баталгаажуулж авсан бөгөөд байршлын хилийн зааг болон эргэлтийн цэг тэмдэгтийг мэдээллийн санд бүртгэлжүүлэн ажиллаж байна. 2019-2022 онд нийтийн эзэмшилд бүртгэсэн 3 байршилд зөрчил гарчээ. Мөн Хан-Уул дүүрэг морин тойруулгын орчим, БЗД-т Жуковын талбай орчимд нийтийн эдэлбэр газрыг шүүхийн шийдвэрээр хүчингүй болсныг тэрбээр танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдаваа Баянзүрх дүүрэг, Жуковын талбай орчим болон Чингис зочид буудлын орчим дахь нийтийн эдэлбэр газарт орон сууцны хотхон барих зөвшөөрлийг хаанаас, хэн олгосныг тодрууллаа.