Л. Оюун-Эрдэнэ: Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна

Л. Оюун-Эрдэнэ: Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйж байна


3 жил

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуусын шаардлагад хариу өгч уулзахаар боллоо. Залуус эрх баригчдыг огцрох бус, үнийн өсөлтийг бууруулж, тэгш боломж, хувийн хэвшлийнхнийг дэмжих зэрэг асуудлаар өнөөдөр хоёр дахь өдрөө төв талбайд жагсч байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Залуучууд та бүхэнтэйгээ өнөөдөр тав талбай дээр шууд ардчиллын хэлбэрээр уулзаж байгаад миний бие баяртай байна. Монгол Улс ардчилсан тогтолцоонд орсон 30 жилд бид үзэл бодлоо илэрхийлснээр хөгжин дэвшсээр байна. Өчигдөр гарч ирэхийг маш их хүссэн. Амаргүй дүрэм журмыг давж, та бүхний өмнө зогсч байгаа юм шүү. Залуучууд аа, өнөөдөр хамтдаа шийдэл хайх ёстой. Та бүхний бухимдаж байгаа олон зүйлийг өөрчлөхийг хичээж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад огт хүч хэрэглэж болохгүй гэдгийг хэлж байсан. Зарим нэг болзошгүй иргэдээс сэргийлэх хэрэгтэй байсан юм гэж хэлж байсан. Залуучуудыг сулласан. Өөр ямар нэгэн зүйл байгаа бол хариуцлага тооцоход бэлэн.

Залуучууд аа, та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал гуйя. Засгийн газарт чадах чадахгүй зүйл байна. Вакциндаа хамрагдсан та бүхэнд баярлалаа. ОХУ, Украинд хямрал гарч байна. Бензин шатахууны үнэд бид нөлөөлж чадахгүй. Ийм нөхцөл үүссэнд чин сэтгэлээсээ уучлал хүсч байна. Уучлаарай та бүхэн.
 
Залуучуудын зүгээс тавьж буй шаардлагыг бүгдийг хүлээн авсан. Хамгийн богино хугацаанд арга хэмжээ авна. Та бүхний дундаас ажлын хэсэгт нэгдэж ажиллаж болно. Авлига, хээл хахуулийн хэрэгт ялын бодлогыг чангатгана. Хөгжлийн банкны асуудлыг Засгийн газар гаргаж тавьсан. Засгийн газар та бүхэнтэй адил байр суурьтай байна. Хөгжлийн банктай холбоотой улстөрчдийг түдгэлзүүлж шалгуулах ёстой. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байна уу ялаа авдаг байх ёстой. Залуучууд та бүхэн хамт байгаарай. Авлига, хүнд сурталтай холбоотой асуудалтай хамтдаа тэмцэх ёстой. Бодит үнэнээ хэлэх ёстой.
 
Эрхэм залуучууд аа, Монгол Улс төдийгүй дэлхий даяар өссөн байгаа нь үнэн. Засгийн газар үнэ барих хууль оруулж ирсэн. УИХ-ын гишүүд энэ хуулийг батална гэдэгт итгэлтэй байна. Энэ хууль батлагдсанаар шатахууны үнийг барих асуудлыг ярьж байна. Зах зээлийн үед шатахууны үнийг барина гэдэг амаргүй. Гэхдээ Засгийн газар мах, гурил, эм эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө чадах бүхнээ хийнэ. Энэ гэхдээ амаргүй. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
Авлигад идэгдсэн албан тушаалтан ял завшдаггүй байх, ялын бодлогыг чангатгах талаар ярьсаар ирсэн. Ирэх долоо хоногт Засгийн газрын хурлаар оруулъя. Хамтдаа шахъя.
Саяны ярьсан хуулийг Засгийн газраас оруулж ирье. Хамтдаа шахацгаая. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг өнөөдөр шүүгч, хууль хяналтынхан сонсч байгаа болов уу. Хууль хяналтынхан шалгаж нэр бүхий улстөрчдийг зарласан. Ерөнхий прокуророос энэ хүмүүсийг яагаад оруулж ирэхгүй байна вэ. Улсын ерөнхий прокурор тэднийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийг шаардъя. Тиймээс Улсын ерөнхий прокурорыг санал оруулж ирээсэй гэж хүсч байна. Та бүхэнтэйгээ хамт байна гэдгийг амлая. Хууль зүй дотоод хэргийн сайд ямар нэгэн хүнийг барьсан асуудал байхгүй гэдгийг хэлсэн. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхэд бэлэн байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү