Нийслэлийн түүхт 380 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр /2019.10.30/ Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат , Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр найм даван түрүүлжээ.
Уг барилдааныг Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс нар магнайлан барилдсанаас Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат "Хилчин" спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээ, "Шижир гоулд" компанийн бөх Монгол Улсын Өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр найм даван түрүүлжээ. Харин Ховд аймгийн Буянт сумын харьяат ОБЕГ-ын "Аваргч" спорт хороо, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын газар, "Зорчигч тээврийн нэгтгэл" "Од" групп, "Ховд" дэвжээ, "Их Монгол" сангийн бөх Монгол Улсын Харцага О.Хангай долоо даван үзүүрлэсэн байна.
Их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хороо, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК, "Увс нуур" дэвжээ, "Химон констракшн" компанийн бөх Монгол Улсын Аварга Н.Батсуурь, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат "Алдар" СХ, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги "Торгоны зам" "Булган өгөөж" компаниудын бөх Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарчээ.