“Будапешт-2018” ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 65, 68, 72, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. 65 кг-ын жинд Оросын цомын нээлттэй тэмцээний мөнгө, “Монголиа Опен”-ий гурван хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Х.Болортуяа тэгшитгэлийн барилдаанаа энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын Ли Хан Биттэй хийж цэвэр яллаа. Тэрбээр 1/8 шигшээд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын аварга ОХУ-ын Светлана Кузнецоватай хүч үзнэ.
Мөн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Ө.Батзул өчигдөр “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга АНУ-ын Кайл Снайдертай хийж, 3:8-аар ялагдсан. Тэгвэл өнөөдөр дагах эхний барилдаанаа Самаогийн Натханиел Туамохелоаг ялсан бол дөнгөж сая “Сингапур-2010” залуучуудын олимпийн наадам болон Пан Америкийн АШТ-ий мөнгөн медальт, Италийн куба легионер Абрахам Руанод 4:8-аар ялагдснаар үзэгчдийн суудалд шилжлээ.