Зодог тайлсан боксчин Флойд Мэйведер UFC-ийн аварга Хабиб Нурмагомедовтой боксын рингэн дээр тулалдахаас татгалзахгүй гэж мэдэгджээ. Флойд өмнө нь UFC-ийн аварга Конор МкГрэгортой боксын рингэн дээр тулалдаж ялалт байгуулж байсан билээ.
Тэрээр “Би бол өөрөө өөрийнхөө босс. Би хүссэнээ хийнэ. Хабибын нөхцөл байдлыг би мэдэхгүй. Харин надад бол энэ тулаанаас татгалзах ямар ч шалтгаан байхгүй” гэж хэлжээ.
Түүнээс боксын рингэн дээр тулалдах уу, холимог тулааны дэвжээн дээр тулалдах уу гэхэд “Эхэлж санал тавьсан хүн нь Хабиб. Тиймээс тэр л миний ертөнцөд орж ирэх ёстой” гэж хэлсэн байна.
Хабибын хувьд 10 дугаар сарын 6-нд болж өнгөрсөн UFC 229 тулаанд Конор МкГрэгорыг буулгаж авч, хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалсан. Гэсэн ч тулааны дараа дэвжээнээс гарч танхайрснаар шуугиан тариад байгаа билээ. Флойд Мэйведер Хабибтай тулалдвал Конортой тулалдсанаас их мөнгө олж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа гэдгээ ч хэлээд амжсан байна.