Манай улсад анх удаа “Kimunyong 2018 MONGOLIA OPEN” таэквондогийн олон улсын тэмцээн энэ сарын 20-21-нд Хандгайт, Олимп цогцолборт болох гэж байна.
Тэмцээнд БНСУ, Япон, ОХУ, БНХАУ, Казакстан, Узбекстан, Тайланд, Тайвань, Хонгконг зэрэг 10 гаруй улсын баг тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
Тэмцээн бага нас, өсвөр үе, залуучууд гэсэн насны ангиллаар ганцаарчилсан болон багийн тулаан төрлөөр явагдана.
Уг тэмцээнд Монголын таэквондогийн холбооны хот, аймаг орон нутгийн салбар холбоодын шилдэг 500 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорих юм.
Монгол Улсад анх удаа болж буй энэхүү олон улсын тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж улмаар олимпийн эрхийн оноо олгох тэмцээн болгох зорилготой байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолжээ.