Сагсан бөмбөгийн хаан гэгддэг Леброн Жеймс удаан хугацааны турш тоглосон Хойд Америкийн Кливлэнд Кавальерс багаасаа явж байгаа тухай мэдээ цацагдах боллоо.
Леброн 18-хан настайдаа 2003 оны НБА-гийн драфтын нэг дэх сонголтоор Кавальерст ирж, 2007 онд Кавальерсыг анх удаа НБА-гийн шигшээ тоглолт хүртэл явахад багийн гол тоглогч болж байв. 2010 онд Жеймс Кавальерсыг орхиж Майами Хит багтай нэгдсэн бөгөөд Хитийн хамт дөрвөн улирал дарааллан НБА-гийн аваргын төлөө өрсөлдөж 2012, 2013 онуудад НБА-гийн аварга болж байжээ.
2014-15 оны улиралд Жеймс Кавальерстай эргэн нэгдэж НБА-гийн шигшээ тоглолтод шалгаран үлдсэн боловч Голден Стэйт Уорриорст хожигдсон байна. Үндэсний сагсан бөмбөгийн лигт тоглох болсон цагаасаа эхлэн олон шилдэг амжилтын эзэн болж, хамгийн залуу гэх тодотголтой олон рекордын эзэн болсон тэрээр 2003-2004 оны улирлын шилдэг шинэ залуу тоглогч, 2009, 2010, 2012, 2013 оны НБА-гийн улирлын үнэ цэнтэй тоглогч, 2012, 2013 оны НБА-гийн аваргаас гадна шигшээ тоглолтын үнэ цэнтэй тоглогч, 2007-08 оны улирлыг НБА-д оноо авалтаар тэргүүлэгч, 2005 оноос өдгөөг хүртэл тасралтгүй Бүх оддын тоглолтод сонгогдон оролцож байгаа юм.
Жеймс мөн АНУ-ын шигшээ багт багтаж, 2004 оны Афины олимпиос хүрэл, 2008 оны Бээжингийн олимпийн наадам, 2012 оны Лондонгийн олимпийн наадмуудаас алтан медаль хүртэж, 2006 оны Сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байжээ.
Харин тэрээр карьерын сүүлийн жилүүдээ Лейкэрст өнгөрүүлэхээр шийдсэн бололтой. Бидэнд ирсэн мэдээллээр тэрээр Лейкэрст дөрвөн жилийн хугацаатай, 154 сая долларын гэрээ байгуулжээ. Ирэх улирлаас “Хаан” Жеймсийг шинэ багтайгаа хэрхэн тоглохыг харах үлдлээ.