Морин хуурын олон улсын VI наадам ба уралдаан 2018 оны 6-р сарын 30 наас 7-р сарын 5ны өдрүүдэд Улаанбаамар хотноо зохион байгуулагдах гэж байгаа талаар Улсын филормонийн Уран бүтээлийн албаны дарга З.Хосбаяр , “Эгшиглэн магнай” ХХК-ийн захирал П.Байгалжав, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжимдөх урлагийн тэнхимийн эрхлэгч Ц.Пүрэвхүү, Монгол туургатны соёл, эрдэм шинжилгээний сангийн ажилтан Ж.Баатарцогт нар мэдээллээ.
Энэхүү наадам Дэлхийн Морин хуурын холбооны санаачлагаар Нийслэлийн Соёл Урлагийн газар болон бусад мэргэжлийн урлагийн байгууллагууд хамтран морин хуур хөгжмөөр дамжуулан монгол соёлыг дэлхий дахинд таниулах сурталчлах зорилготой.Мөн морин хуурын ардын уламжлалт ая дан,тоглох арга барилыг түгээн дэлгэрүүлэх морин хуурыг сонирхон, судалж буй гадаад дотоодын хуурч, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Морин хуурын 6-р наадам уралдаанд АНУ, Бельги, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Японы нийт 30 гаруй гадаадын морин хуурч, урлаач Монгол улсын мэргэжлийн хөгжмийн 5 театр чуулгаас 100 гаруй уран бүтээлчид оролцож байна.
Наадмын үеэр Монголын морин хуурын шилдэг бүтээлийн тоглолт, олон улсын морин хуурчдын тоглолт, сонирхон суралцагчид, мэргэжлийн морин хуур урлаачдын уралдаан, уулзалт- хэлэлцүүлэг, морин хуурын үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулна.
Наадмын нээлтийн хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд зургаадугаар сарын 30нд болно.
Сэтгүүлч: Н.Мөнхзаяа