Дэлхийн даамын холбооноос шинэчилсэн чансаагаа дөрөвдүгээр сарын 1-нд гаргалаа.
Эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман 2432 оноо, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор даамчдаа тэргүүллээ.
Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигджээ.
U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар 17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар 36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар 15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар 33-т тус тус жагсчээ.
Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14, эмэгтэй ангилалд есдүгээрт тус тус эрэмбэлэгджээ.
FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгджээ.