Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбоог удирдана

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбоог удирдана


7 жил

Дөрвөн жилд нэг удаа болдог МҮБХ-ны VIII “Их эе” хурал өнгөрсөн бямба гарагт Монгол бөхийн өргөөнд болж, тэргүүнээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгогдлоо.

Уг хурлын эхэнд МҮБХ-ны дэд тэргүүн, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан “МҮБХ-ны ажлын ололт амжилт” сэдвээр илтгэл тавив.

Харин МҮБХ-ны хяналтын албаны илтгэлийг Хяналтын албаны дарга Г.Жамсран, Ц.Бадарч нар тавихаас гадна МҮБХ-ны дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудал багтав. Мөн МҮБХ-ны цэцдийн зөвлөлийг ч сонгосон юм.

Хуралд нийт 200 гишүүн орох эрхтэй бөгөөд улсын аварга, арслан, гарьд, заан цолтой бөхчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох дүрэмтэй аж. Тодруулбал дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ж.Хайдав, Б.Ганбаатар, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Ц.Содномдорж, улсын заан Ц.Санжаа, Д.Лхагвасүрэн,  нарын зэрэг өндөр цолтой бөх хүрэлцэн ирсэн байлаа.

Харин дархан аварга Ж.Мөнхбат аварга бие тааруу байгаа учир очиж амжихгүй гэдгээ хэлсэн байсан бол улсын аварга О.Балжинням Японоос ирсэн төлөөлөлтэй уулзахаар боллоо гэсэн тайлбарыг хурал зохион байгуулагчдад дуулгав.

Тэгвэл хуралд ирээгүй бөхчүүд дунд дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат, улсын аварга Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганбат, Х.Мөнхбаатар, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Гантогтох, Ө.Бат-Орших, Д.Долгорсүрэн нар ирээгүй юм.

Хурлыг дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан юм. Хурлын нарийн бичгийн даргад гурван хүнийг сонгосон бол мөн тооллогын комиссын таван төлөөлөгчийн гишүүд дундаас авсан.

Ийнхүү хамгийн их хүлээлт үүсгэсэн мөч ирж, тэргүүнээ сонгох болж дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэр сонгогдсон ч Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татсан юм.

Тэрбээр нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгогдлоо. Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү