Тонга улсын тамирчин Пита Тауфатофуа 2016 оны Риогийн Зуны Олимпийн наадмын нээлтэд цээж нүцгэн алхаж дэлхий нийтийн танил болж байв.
Тэгвэл тэр хоёр жилийн дараа Пёнчаны Өвлийн Олимпийн наадмын нээлтэд дахин нүцгэн алхаж дуулиан тарьлаа. 34 настай Тауфатофуа 2016 онд анх удаа олимпийн наадамд ирэхдээ таэквондогийн төрлөөр өрсөлдөж байв.
Хэдийгээр эхний тулаандаа ялагдаж хасагдсан ч тэр олон улсын хэмжээнд аваргуудаас дутахгүй алдартай болжээ. Тухайн үед түүний гэрэл зураг хэвлэлүүдээр дүүрч, ажлын санал, гэрлэх санал ч ирж байсан гэдэг.
Харин Риогийн наадмын дараа тэр спортын төрлөө сольж, гүйлтийн цанаар хичээллэж эхэлжээ. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард Тауфатофуа олимпийн эрхээ авч чадсан байна.
Ингээд тэр өчигдөр Пёнчаны стадионд Цельсийн -10 орчим хэмийн хүйтэнд дахин цээж нүцгэн алхаж олны анхаарлыг татжээ. Номхон далайн бяцхан арал Тонга нь 100 мянга орчим хүн амтай, хаант улс юм.
Эх сурвалж: Business Insider