Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2017.04.11/ хуралдаан 17 цаг 24 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа даргалан хуралдуулав.
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийндаатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийнтөслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг чангатгах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах замаар өрийн тогтвортой байдлыг бүрдүүлэх зорилгоор Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг боловсрууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх; Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх; Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх; Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох; Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх; Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу төсвийн тодотголын төсөлд тусгасан гэдгийг тодотголоо.
Төсвийн урсгал зарлагыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн өөрчлөлтийн улмаас төсөвт үүссэн зардлын ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулах, зардлын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримталлаа. Үүнд, Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах, Тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг хүн ам зүйн насны бүтцэд орж буй өөрчлөлттэй уялдуулан урт хугацаанд аажмаар нэмэгдүүлэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; мөн эдийн засгийн идэвхжилийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилгоор жижиг дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт мах, сүүний анхдугаар аяныг эхлүүлэх, Атрын III аяныг үргэлжлүүлэх арга хэмжээг эхлүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн төсөв, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед төрийн албан хаагчийг ажлаас цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас хууль, тогтоомжид заасан эрхийн дагуу чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд буюу 2017-2019 он дуустал хязгаарлах; хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байх; эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх; төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөж тусгасан. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6,015.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,789.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,774.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэхээр байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гарсангүй. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Батзориг нар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 5 дугаар зүйл дэх Ерөнхий сайдын урсгал зардлын багцыг 250 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй санал гаргасан юм.
Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж баталсан. Уг тогтоолын дагуу Зөвлөлдөх санал асуулгын төсвийг 250.0 сая төгрөгөөр баталж, санхүүжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгохоор заасан. Иймээс энэхүү анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгах шаардлагатай байгааг зарчмын зөрүүтэй санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүдэд тайлбарлалаа. Ингээд уг зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.
Ингээд Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.