Өнөөдөр УИХ-ын хоёр байнгын хороо хуралдаж, энэ долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ гаргана.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт, төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр олгохтой холбоотой хуулийн нэмэлт, өөрчлөлт зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн хуралдаанаар Хүүхэд хамгааллын асуудлаар хийсэн Ерөнхий хяналтын сонсголыг тайланг сонсоно.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малын эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Амьтан ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Харин Төсвийн зарлагын дэд хороо 2024 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий түр хороо хуралдаж, төлөвлөгөөгөө шинэчлэн батлахаар товложээ.