Диснейн шидэт хаант улсаар...


7 жил

Хүүхдийн баяраар багачууд төдийгүй бүх насны хүмүүсийн зорих дуртай газар мэдээж парк буюу соёл амралтын хүрээлэн байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн алдартай соёл амралтын хүрээлэнгүүдийн жагсаалтыг өнгөрсөн 7 хоногт шинэчлэн гаргасан байна. Энэ жагсаалтын дагуу АНУ-ын Флорида муж улс дахь “Уолт Дисней Уорлд”-ын “Мэжик Кингдом” буюу “Шидэт хаант улс” нэртэй соёл амралтын хүрээлэн өнгөрсөн оны байдлаар хамгийн алдартайд тооцогдож байна.

Тус хүрээлэнд 2015 онд 20 сая 400 мянган хүн зочилсон нь 2014 оныхоос 6 хувиар өссөн үзүүлэлт юм. Диснейн хамгийн анхны соёл амралтын хүрээлэн болох энэхүү шидэт гүрэн 1971 онд байгуулагдаж байсан түүхтэй. Тус хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө, үзвэрийн цэгүүд нь Дисней компанийн үлгэрийн баатруудын түүх, адал явдлаас улбаалсан байдгаараа онцлогтой юм. Эдүгээ 45 дахь жилтэйгээ золгож байгаа Диснейн “Шидэт хаант улс” соёл амралтын хүрээлэн жил бүр үзвэр үйлчилгээгээ өргөжүүлж, шинэ кино, хүүхэлдэйн киноны баатрууд нэмэгдсээр байна.

Энэ паркт зааны тугал Дамботой хамт нисэх, Базз Лайтерийн ертөнцөөр аялах, Араатан ба Гоо бүсгүй хүүхэлдэйн кинон дээр гардаг илбэдүүлсэн байшингийн оршин суугчидтай танилцах боломж ч олдоно. Үүнээс гадна Диснейн “Шидэт хаант улсад” дэлгэцэнд гарсан цагаасаа багачуудын дунд хит болсон “Фрөүзен” хүүхэлдэйн киноны Эльза хатны ертөнцийг шинээр байгуулж байна. Эльза өөрийн дүү Аннатай өссөн Арендель нэрт энэхүү хаант улс энэ сарын 21-нд нээлтээ хийнэ. Зочилсон багачууд Эльзатай уулзаж, “Лет ит Гөү” дууг хамтдаа дуулах боломжтой юм.

Энэ бүх үзвэрийг агуулсан Диснейн Флорида дахь “Шидэт хаант улс” дэлхийн хамгийн алдартай соёл амралтын хүрээлэнгээр тодорсон байна. Харин АНУ-ын Калифорни муж дахь Диснейленд өнгөрсөн онд 18,3 сая зочинтойгоор II байрт, Токио хотын Диснейленд 16 сая зочин хүлээн авснаар III байрт шалгарсан байна. Диснейн соёл амралтын хүрээлэнгүүд  одоогоор олон улсын тавцанд өрсөлдөгчгүй хэвээр байгааг энэ үзүүлэлт харууллаа.

Бас нэг зүйлийг сонирхуулахад, өнгөрсөн онд соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо 5,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Дэлхийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй 25 паркт зөвхөн 2015 онд л гэхэд нийтдээ 235,6 сая хүн зочилсон тооцоо гарчээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү