Бид уншигч та бүхэнд дэлхийн хамгийн урт хүзүүт үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нутгийн талаарх сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.
Дэлхийн хамгийн урт хүзүүт үзэсгэлэнт бүсгүйчүүдийн өлгий болох Падаунг буюу Каяанчуудын дийлэнхи нь Мьянмарын Каяан мужид, цөөн хэсэг нь Тайландын хил залгаа нутагт оршин суудаг. Падаунг гэдэг нь урт хүзүүт гэсэн утга илэрхийлдэг. Каяан эмэгтэйчүүд зэс цагаригийг бүсэлхийдээ ч, гартаа ч хийдэг бөгөөд тэдний энэхүү гоёл чимэглэлийн зүйлсийн хүндийн жин нь 10 кг ч хүрдэг. Тэрхүү нүсэр чимгээ ажил хийж байхдаа ч авдаггүй.
Падаунг нутгийнхан эмэгтэй хүүхдийг таван нас хүрсний дараа нэгэн сартай шөнө түүний хүзүүнд анхны цагариг хийх найр хийдэг. Анхны цагаригийн өндөр нь 10 см байдаг бөгөөд үүнийг хоёр жилийн дараа сольж 2 дахийг нь хийнэ.
Эцэст нь, эмэгтэй хүүхдийг 11 нас хүрэхэд сүүлчийнх болох дөрөв дэх цагаригийг хийнэ. Энэ үед түүний хүзүү 20 см хүртэл уртассан байдаг. Энэ сүүлчийн цагариг хэдийчинээ өргөн байвал, тэр эмэгтэйг улам гоё ганган гэж үздэг бөгөөд түүнтэй хань нөхөр болохыг хүсэгч эрчүүд ч олон байдаг гэнэ. Цагаригийн хэмжээ нарийн, өргөн байх нь тэр эмэгтэйн хөрөнгө чинээ, бэл бэнчинг харуулдаг. Падаунгийнханд зэс бол алттай дүйцэх цорийн ганц эрдэнэ нь юм.
Зэс цагариг энэхүү отгийн дотоод дэг жаягт зохих нөлөөгөө үзүүлдэг. Падаунгийн эрэгтэйчүүд нь өндөр нуруутай, том биетэй, дайчин зоригтой, цөм сайн гөрөөчин байдаг. Тэд эхнэрийнхээ үнэнч биш байдлыг нь шийтгэхийг хүсвэл цагирагнаас нь нэг нэгээр нь тайлдаг заншилтай байжээ. Энэ нь цаазаар аваачихтай адил шийтгэл болдог байна. Ингэснээр хүзүүний яс хоорондын мөгөөрсүүд нь сунаж, мах нь нимгэрчихдэг учир цагаригуудыг нь авчихсан хүний хүзүү толгойгоо дааж чадахгүй болчихдог гэж ярилцдаг.
Тэдний тухай нэгэн сонирхолтой домог өдгөөг хүртэл ам дамжин яригдсаар ирсэн байдаг. Товчхондоо бол, Падаунг отгийнхон маш баян чинээлэг амьдралтай байжээ. Амьдралын чинээлэг байдалдаа ташаарсан Падаунгийн эмэгтэйчүүд ажил хийх нь байтугай бурханд мөргөхөө ч бүр больжээ. Үүний гайгаар, түүнд хорссон “бурхан” тэдний эмэгтэйчүүдийг устгахаар эрэгтэйчүүд нь гадуур ажилд явж хот айлд дан эмэгтэйчүүд үлдсэн үед нь араатан баруудаа явуулж, эмэгтэйчүүдийг нь багалзуурдуулан хөнөөлгөдөг байжээ. Үүнээс болж Падаунг отгийнхон эмэгтэйчүүдээ тэр аюулаас хамгаалахын тулд тэдний хүзүүнд нь зэс цагариг хийдэг болсон гэнэ.
Тэгээд, он жил улирсаар эмэгтэйчүүдийн хүзүүнд цагариг хийх явдал одоо үед тэдний эртний уламжлалтай зан заншлын нэг болон хувирсан аж. Хүзүүндээ гоё өнгөт цагаригийг олноор зүүхийн тулд энэ отгийн эмэгтэйчүүд хүзүүгээ багаасаа сунгаж бэлтгэдэг байна. Үүнээс үндэслэн, энэ отгийнхныг “Падаунг” буюу урт хүзүүт гэж нэрлэдэг болсон аж.