БОАЖ-ын сайд Тикагийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

БОАЖ-ын сайд Тикагийн суурин төлөөлөгчтэй уулзлаа


8 жил

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/-ын Улаанбаатар дахь суурин төлөөлөгч  ноён Весиль Чифтжитийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар агаарын бохирдлыг бууруулах, хөрсний бохирдлыг сааруулах, Турк улсад хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтнүүдийг илгээж сургалтад хамруулах, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг хөндөж ярилаа.

Мөн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Мэргэн Тоньюкукын хөшөөний орчимд аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг хийх, ойг хөнөөлт хортон шавьжаас хамгаалах, тусгай зориулалтын буюу аргаль хонь, янгир ямаа, халиун бугын агнуурын бүс нутгийн менежментийг сайжруулах, менежмент хариуцагчийг чадавхижуулах, жишиг агнуурын бүс нутаг болгох ан агнуурын менежментийг сайжруулах чиглэлээр  хамтран төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ нь Мэргэн Тоньюкукын  хөшөөний орчимд археологийн малтлага хийж, хамгаалалтад авсан.  Цаашид энэхүү дурсгалт газрыг түшиглэсэн музей байгуулахаар төлөвлөж буйгаа ноён Весиль Чифтжит хэлсэн. Харин зарим нэг үүсээд буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхоролоос хүссэн юм.

ТИКА нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол нутаг дахь түрэгийн үеийн хөшөө дурсгалыг хамгаалах, малтлага, судалгаа хийх, Хөшөө цайдам музейг барьж байгуулах, Билгэ хааны автозам барих, цаатан иргэдийг дэмжих, цэвэр ус, усны эрүүл ахуй, эрүүл мэнд, боловсрол, чадавхыг бэхжүүлэх зорилгоор Турк Улсын туршлагыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү