У.Хүрэлсүх: Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, хэн нэгний ашиг сонирхлоос ангид байх ёстойг хатуу анхааруулъя

У.Хүрэлсүх: Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, хэн нэгний ашиг сонирхлоос ангид байх ёстойг хатуу анхааруулъя


3 жил

Төрийн ордонд өнөөдөр /2022.02.28/ Үндэсний спортын анхдугаар их чуулган болж байна. Эл чуулган Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар болж буй бөгөөд Үндэсний спортын 15 холбооны төлөөлөгчид болох 800 хүн оролцож байгаа аж.

Энэхүү уулзалтаар Үндэсний спортын холбоо тус бүрийн чиг хандлага, цаашдын зорилго зорилт хөтөлбөрийг хэлэлцэх зорилготой. Мөн Үндэсний спортын холбоод, Үндэсний спортын хорооны ажил болон өв соёлоо хадгалан үлдээх, үндэсний спортыг хөгжүүлэх, төрөөс хэрхэн дэмжиж, хамтран ажилдах боломжтой вэ гэдэг гол асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлэхдээ “Үндэсний спортын холбоод нэгдэн, эв нэгдлийг үлгэрлэн, ард түмэн, үр хойчдоо өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, дэлхий ертөнцөд сурталчлах зорилгоор Үндэсний спортын хороог үүсгэн байгуулсныг төрийн тэргүүн дэмжиж, Ерөнхийлөгчийн ивээл доор энэхүү чуулганыг зохион байгуулж байна.  Монгол орны 6000 жилийн тэртээх хадны сүг зурагт бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг дүрсэлсэн байдаг. Монголын анх төрт улс болох Хүннү гүрний үед бөх барилдаж, морь уралдаж байсан түүхэн баримт бий. Төрт ёсны түүхэн уламжлалтай салшгүй холбоогийн илрэл мөн.

Монголын түүхийг монгол морьгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол морь Монголын ард түмний бахархал. Монгол Улсыг дэлхийн нүүдэлчдийн төв болгох зорилгоор нүүдэлчдийн соёл, спортын их наадмыг эх орондоо тогтмол зохион байгуулж байх чухал. Энэ асуудал Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Үндэсний спортоо олон улсад таниулж, түгээн дэлгэрүүлэхийн тулд мэргэжлийн болон сонирхогчийн түвшинд хөгжүүлэх чухлыг бусад орны туршлага нотлон харуулж байна. Та бүхний үг үйлдэл, зан харилцаа, ёс жудаг олон нийтийн анхаарлын төвд ямарт байдгийг анхаарах нь зүйтэй. Тийм учраас ард түмэн, үр хүүхдийнхээ өмнө эв нэгдэл, ёс суртахуунаа чандлан сахиж байхыг ард түмэн хүсэж, шаардаж байна.

Ард түмнээс өгсөн хайр хүндлэлийг ямагт өргөн, хайрлан хамгаалж яваарай гэж захья. Монгол наадмын дэвжээ ариун дагшин байж, өв соёл, уламжлал хэн нэгний ашиг сонирхлоос ангид байх ёстойг хатуу анхааруулъя. Ёс зүйгүй үйлдэл гаргасан, спортын шударга ёсны зарчмыг зөрчсөн нөхдөд хатуу хариуцлага тооцож байхыг ард түмэн шаардах боллоо, тооцох ч хэрэгтэй. Энэ асуудлыг ажил хэрэг болгох хэрэгтэй” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү