АН-ынхан УИХ-ын дарга Г.Занданшатарыг сураглав. Тодруулбал, өнөөдөр /2024.04.01/ бүлгийнхээ хэвлэлийн хурал хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ тухай хөндөв.
Тэрбээр, "Хуулийн төсөл өргөн барих гэсэн ч УИХ-ын дарга зугтааж алга болоод сар боллоо. Хаана явж байгаа юм бүү мэд" хэмээлээ.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаа даргалаагүй. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар түүнийг орлосон. Хөдөө, гадаа яваад Төрийн ордоноор үзэгдэж харагдахгүй байгаа билээ. Тиймээс АН-ынхан ийн сураглахад хүрэв.
АН-ынхны хэлсэнчлэн арай ч нэг сар алга болоогүй аж. Гуравдугаар сарын 21-ний өдрийн чуулганы үдээ хойших хуралдаанаа удирдан явуулсан байна. Түүнээс хойш гуравдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд "Наурыз"-ийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймагт ажилласан аж. Түүнээс хойш хувьсгалын ажлаа хийгээгүй ч, хувийнхаа хаягаар шатар тоглож сурсан үүх түүхтэй видеогоо олон нийтэд хүргэжээ.