Энэ оны эхний 10 сард "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам" зөрчсөн 156 зөрчлийг илрүүлсэн


6 жил

      Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангуулах, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг сайжруулах, хяналт тавих, гарч байгаа зөрчил дутагдлыг арилгах зорилгоор Цагдаагийн байгууллагаас нэгдсэн төлөвлөгөө, ажлын хэсэг гарган 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хяналт шалгалтыг зохион явуулжээ.

Хяналт шалгалтаар гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд болон тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж ашиглах эрх бүхий байгууллага болох Гадаад харилцааны яам, Нийслэлийн төр захиргааны авто бааз, Засгийн газрын авто бааз, Цагдаагийн ерөнхий газрын автобааз, Иргэний нисэхийн ерөнхий газрын автобааз зэрэг төрийн байгууллагуудын нийт 1100 орчим тээврийн хэрэгслийг шалгаснаас 102 зөрчил илрүүлж, зөрчилтэй 25 тусгай гэрэл дохио, гэрэлтүүлүүр 3-г тус тус хурааан авч Бүртгэл хяналтын төвд шилжүүлснээр 22 иргэнийг 1,025,000 төгрөгөөр торгож хуулийн дагуу хариуцлага тооцлоо.

Нийт илэрсэн зөрчлийг төрөлжүүлвэл:
1. Зөвшөөрлийн хугацаа дууссан-30 зөрчил
2. Зөвшөөрөлгүй-66 зөрчил
3. Зөвшөөрлийн он засвартай-3 зөрчил
4. Зөвшөөрснөөс өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн-3 зөрчил тус тус илэрсэн бөгөөд дийлэнх зөрчил нь зөвшөөрөлгүй тусгай дуут гэрэл дохио ашиглах, зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан мөн гадна талаас харахад өнгө тодорхойгүй туузан гэрэл дохиог ихээр тавьж хөдөлгөөнд оролцож байна.

Мөн энэ оны эхний 10 сарын байдлаар гудамж замын хяналтаар улсын хэмжээнд “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” зөрчсөн 156 зөрчлийг илрүүлж, 16.460.000 төгрөгийн торгууль ногдуулан ажилласан байна.

Цаашид тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журмын хэрэгжилтийг сахиулах, хяналт шалгалтыг тасралтгүй явуулж ажиллахаар төлөвлөж байна хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү