Монгол төрийн одон медалиуд

Сэтгүүлч: Д.Жаргалмаа

7 жил

   Монгол улс өөрийн тусгаар тогтнолыг эргүүлэн олж харийн дарлалыг устгасны дараа 1913 онд Богд хаант засгийн газраас “Эрдэнийн очир” хэмээх одонгийн дүрэм зохион үйлдүүлсэн нь Монгол улсын хамгийн анхны одон байлаа. Эрдэнийн очир нь гурван зэрэгтэй бөгөөд тэргүүн зэрэг нь дотроо Чингис хааны, Абтай сайн хааны, Өндөр гэгээний гэсэн гурьан дэстэй. Хоёрдугаар зэргийн Эрдэнийн очир нь мөн Ван, бэйл, бэйс, гүн гэсэн дөрвөн дэстэй. Гутгаар зэргийн Эрдэнийн Очир нь таван дэстэй байжээ. Эрдэнийн очир одонгоор зөвхөн гадаадын хүмүүсийг Богд хаан шагнадаг байсан байна.

 

1924 онд хуралдсан Улсын Анхдугаар их хурлаас Эрдэнийн очир одонг хэрэглэхийг зогсоож, 1926 оноос “Бичгийн гавъяаны одон”, “Цэргийн гавьяны одон”-г анх бий болгож Монгол улсынхаа гавьяат хүмүүсийг шагнах болжээ. Эдгээр одон цаашид “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” болж шинэчлэгдсэн юм.

 

1946 онд БНМАУ-ын баатрын “Алтан таван хошуу” медаль;

1956 онд БНМАУ-ын “Алтан соёмбо” медаль;

1974 онд БНМАУ-ын хүндэт иргэний “Алтан таван хошуу” тэмдэг зэрэг гавьяат алдар цолтны медалийг бий болгон баталжээ.

Сүхбаатар одонг 1945 онд анх бий болгож Г.Бумцэнд, Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, С.Янжмаа нарыг шагнаж байжээ. “Алтан гадас одон”-г Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан бий болгож, улс орондоо үр бүтээлтэй ажилласан 120 гаруй хүнийг шагнажээ.

   Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг шагнах “Алдарт эх” I, II одонг 1957 онд батлан гаргаж наймаас дээш хүүхэд төрүүлэн өсгөж бойжуулсан эхийг “Алдарт эх” I , 5-7 хүүхэд төрүүлснийг “Алдарт эх”II одонгоор шагнах болсон. Харин 2011 онд хуулинд өөрчлөлт орж дөрвөн хүүхэд төрүүлсэн эхэд II, зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд “Алдарт эх” I одонгоор шагнагдах болсон.

 

1959 онд батлагдсан Шудрага журам медалиар гал түймэр, усны үер, цаг уурын бэрхшээл зэргээс хүний амь, өмч хөрөнгийг авран хамгаалж, хэв журмыг сахин хамгаалахын төлөө тэмцэж, иргэний үүргийг нэр төртэй биелүүлсэн хүнийг шагнах болсон юм.

1979 онд Атарчдын алдар медалийг бий болгож, атар газар эзэмших үйлсэд хувь нэмэр оруулсан, механикжуулагч, ногоочин, тариачинч, мэргэжилтэн нарыг шагнах болжээ. Мөн ардын хувьсгалын ойн медалиуд, Халх голын байлдааны дурсгалын медалиуд, 1945 оны чөлөөлөх дайнд биеэр оролцсон дайчдад “Бид ялав” зэрэг медалийг бий болгож олон арван хүнийг шагнаж байжээ.

               

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү