Хөгжим, бүжгийн консерватор 80 жилийн ойгоо тэмдэглэнэ


6 жил

Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж өнгөрсөн долдугаар сарын 24-ний өдөр албан ёсоор Хөгжим бүжгийн их сургууль буюу консерватор болсон билээ.

Тус консерватор ирэх бямба гариг буюу арваннэгдүгээр сарын 11-нд 80 жилийн ойгоо тэмдэглэж, нэгдсэн тоглолт зохион байгуулах гэж байна. Үе үеийн урлагийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан үндэсний хэмжээний консерваторын ойн нээлт улаан хивсний ёслолоор эхлэх ажээ.  

Хөгжим бүжгийн их сургууль буюу консервотор нь БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн Ерөнхий сайдын 1937 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар  тушаалаар “Уран сайхны сургууль” нэртэй байгуулагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэрээ өөрчилж 1996 оноос өнөөг хүртэл Хөгжим бүжгийн коллеж хэмээн нэрлэгдсэн ажээ.

Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин, циркчин бэлтгэн гаргадаг цорын ганц уг сургууль үүсэн байгуулагдсанаасаа хойш 7000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэн гаргасан байна. Хөгжим бүжгийн их сургууль 1-5 дугаар ангид бага боловсрол, 6-9-р ангид дунд боловсрол, 10-11 дүгээр ангид тусгай мэргэжил олгодог бөгөөд бакалаврын сургалтыг 4 жилийн хугацаанд явуулдаг байна.

Тус сургууль төгөлдөр хуур, хийл, морин хийл, үндэсний болон үлээвэр хөгжмийн бүх төрөл, сонгодог бүжиг, ардын бүжиг, ардын болон дуурийн дуучин зэрэг хөгжмийн урлагийн бүхий л төрлөөр мэргэжилтэн бэлтгэн гаргасаар иржээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү