Хууль зүйн сайд ирэх онд 273 тэрбумыг “зарцуулна”


6 жил

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад ирэх онд 273 тэрбум төгрөг төсөвлөөд байгааг салбарын сайд Ц.Нямдорж хэлэв. Төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсний 1.3 тэрбум төгрөг нь шинэ хуулиудын хэрэгжилттэй холбоотой юм байна.

Манай улс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж буйтай холбоотойгоор аль нэг байгууллагын орон тоо нэмэх асуудлыг 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл шийдвэрлэх боломжгүй. Шинэ хуулиуд хэрэгжээд 3-4 сарын хугацаа өнгөрч байгаа. Үүнтэй холбоотойгоор төсөв, орон тооны асуудал ярих нь нэлээд түвэгтэй байгаа аж.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд шинээр хэрэгжиж буй багц хуулийн хэрэгжилтийг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж буй  2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудын хэрэгжилттэй холбоотой мэдээ, тоо баримт 2018 оны нэгдүгээр сард гарна.

Үүнд үндэслэн цаашид ажилтнуудын ачааллыг хэрхэн хуваарилах, байгууллагын бүтэц, орон тоотой холбоотой ямар асуудал үүсч байгаа асуудлуудыг тодорхойлох шаардлага үүсч байгаа гэсэн. 

Мөн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ

. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулга хийсэн юм. Тэрээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй ч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан гэлээ.

Гишүүд асуулт, тодруулга авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү