Ажлын хэсгийн гишүүд сэтгүүлчидтэй уулзлаа


7 жил

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан хамтарсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр сэтгүүлчидтэй уулзав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь болон Ажлын дэд хэсгийн гишүүд болох Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж нар оролцлоо.

Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь эхлээд хамтарсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллах болсон талаар мэдээлэл өгөв.

Мэдээлэлдээ, “Улсын Их Хурлаар “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцэж байгаа энэ үед нийгмийг цочирдуулж буй бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагын үүднээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулсан юм.  Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Б.Ундармаа, Д.Цогтбаатар нар багтсан. Ажлын дэд хэсэг мөн байгуулагдсан байгаа.  

Тэрбээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийнхний үүрэг, оролцоо чухлыг тэмдэглэн хэлээд, бага насны хүүхдийг хүчирхийлсэн эрүүгийн гэмт хэргийн ялын бодлого, хэрхэн яаж хэрэгжүүлж байна вэ гэдэгт хийсэн судалгааны мэдээллийг олон нийтэд хүргэхэд телевиз, сонин, сайтдаа тусгай цаг, булан гаргахыг сэтгүүлчдээс хүсэв.



Түүнчлэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэмт хэргийн тухай мэдээллийг түгээхдээ хэргийн процессийг нарийвчлах нь зарим хүмүүст ийм хэрэг хийх сэдэл өгч, хэргийн давтамж ихсэхэд нөлөөлсөн тоон мэдээ байгаа учир  мэдээлэл түгээхдээ тодорхой хязгаар барихыг хүслээ.

Дараа нь бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн ялын бодлоготой холбоотой асуудлаар Хууль зүйн дэд сайд, Ажлын дэд хэсгийн гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийв. 

Тэрбээр өмнөх Эрүүгийн хуульд ч, шинээр хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд ч  хамгийн өндөр ял шийтгэлтэй таван гэмт хэргийн нэгд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг багтдагийг тодруулан хэллээ.

2002 оны Эрүүгийн хуулиар таван төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ял оногдуулж байсны нэг нь энэ төрлийн гэмт хэрэг бөгөөд  цаазаар авах ялыг халсны дараа бүх насаар нь хорих ялаар өөрчилсөн. Одоогийн мөрдөж буй ялын бодлогоор бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт хорихоос өөр төрлийн ял шийтгэл байхгүй бөгөөд ийм хэрэг үйлдсэн этгээд гарцаагүй хорих ялыг биечлэн эдлэх цээрлэлтэй гэдгийг тодотгон тайлбарлав.



Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, Ажлын дэд хэсгийн гишүүн П.Оюунчимэг “Дэлхийн эрх зүй, соёл өндөр хөгжсөн орнуудын ял шийтгэлийн бодлогод манай байгууллага судалгаа хийсэн. Энэ төрлийн хэрэгт ихэвчлэн бүх насаар нь буюу 20-25 жилийн ял оногдуулсан байдаг.


Манай улсад аав, ах, дүү, амраг садан, ойрын төрлийн хүн нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд гэр бүлийн бусад гишүүдийн зүгээс гомдолгүй гэсэн ч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдол байхгүй. Гэхдээ хуулийн байгууллагуудын ажлын уялдаанаас болж ял завшин эрх чөлөөтэй явж байгаа хүн бий юү гэдэг  бол өөр асуудал” хэмээлээ.

Төгсгөлд нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад Ажлын хэсгийн гишүүд хариулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү