Зэвсэгт хүчний зарим албан хаагч төрийн одон медаль хүртэв


7 жил

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлан хамгаалах, Зэвсэгт хүчний анги, байгууллагад идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим офицер, ахлагч, ажилтан алба хаагч болон бэлтгэл, чөлөөнд байгаа ахмад буурлууд маань Монгол Улсын төрийн дээд одон, медаль хүртлээ.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ҮБХИС-ийн БХЭШХ-гийн дэд захирал, хурандаа Ч.Баттулга, “Цэргийн гавьяаны одон”-гоор Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны төвийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат нарын дөрөв,

“Алтан гадас одон”-гоор Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад ажилтан Д.Батдэлгэр, Цэргийн төв эмнэлгийн поликлинкийн мэдрэлийн тасгийн сувилагч Д.Оюунчимэг нар шагнууллаа.

Мөн “Цэргийн хүндэт медаль”-аар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа Ү.Хүрлээ нар, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар БХЯ-ны ТЗУГ-ын санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн М.Бүжинлхам, “Бөртэ” ТӨҮГ-ын оёдолчин Д.Оюунчимэг нарын алба хаагч энгэрээ мялаалгав.

Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар НҮБ-ын мандаттай UNAMA, БНӨСУ-д явагдаж буй UNMISS энхийг сахиулах ажиллагаа болон Хойд, Зүүн хойд бүсийн цэргийн зөвлөх, цэргийн холбогч офицероор үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдыг Батлан хамгаалахын салбарын шагналаар шагнасан юм.

Төр, засаг, салбараараа хөдөлмөрөө үнэлүүлсэн тэд ийн ярьж байв. Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн ахмад ажилтан Д.Батдэлгэр “Зэвсэгт хүчинд жолоочоор 40 гаруй жил ажиллаж байна. Хөдөлмөр, зүтгэлийг маань үнэлж “Алтан гадас одон”-гоор шагнасан явдалд баярлалаа. Намайг төрийн шагналд тодорхойлж явуулсан ангийн удирдлагадаа талархаж байна” гэсэн бол Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн санхүүгийн албаны дарга, дэд хурандаа Г.Жаргал “20 гаруйхан настайдаа цэргийн албанд орж байснаа эргээд санахад сайхан байна. Өдий хүртэл чадахаасаа чадахгүйг хүртлээ хамт олонтойгоо зүтгэж байна. Хөдөлмөрийг маань үнэлж “Цэргийн хүндэт медаль”-аар шагнасанд баярлалаа” гэв. Харин Зэвсэгт хүчний 284 дүгээр ангийн сантехникийн слесарь Д.Өлзийбүрэн “Ангийнхаа 35 жилийн ойн босгон дээр шагнууллаа. Сайхан байна. Залуустаа албандаа үнэнч, зүтгэлтэй яваарай гэж захия даа” гэсэн юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болор

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү