Улаанбаатарын үсгэн бэлгэ тэмдгийг маргааш нээнэ


7 жил

Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Улаанбаатар” үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдгийг бүтээн Улсын драмын эрдмийн театрын дэргэдэх талбайд байршуулсан. Уг бэлгэ тэмдгийн нээлтийн арга хэмжээ маргааш болох ажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2020 он хүртэл Улаанбаатар хотын эерэг имиджийг бий болгож Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд эдийн засаг, аялал жуулчлалын тэргүүлэх хот болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Уг зорилтын хүрээнд Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрх бүхий нийслэл хотын нүүр царай болж, орчин үеийн хотын хөгжлийн чиг хандлага, шинэлэг шийдэл загварыг илэрхийлсэн бүтээн байгуулалтын ажлыг хийх зорилгоор уг бэлгэ тэмдгийг бүтээжээ.

"Улаанбаатар" үсгэн хэлбэрт биет бэлгэ тэмдэг нь нийслэлийн иргэдийн амьдрахад таатай орчныг бүрдүүлж, гадаад дотоодын жуулчдын сэтгэлд эерэг дурсамж үлдээн, хотын гудамж талбайн өнгө төрхөд нэн ялангуяа шөнийн Улаанбаатар хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлөх бүтээн байгуулалт болсон байна.

Түүнчлэн энэхүү бэлгэ тэмдэг нь нийслэлийн үсгэн хэлбэртэй анхны бэлгэ тэмдэг болсноороо онцлог юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү