Маргаашнаас шөнийн цахилгааны төлбөрийг бүх орон нутгаар 50-100% тэглэнэ


7 жил

    Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогын хүрээнд нийслэлийн бүх дүүрэг болон аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг маргаашнаас эхлэн 50-100 хувь хөнгөлнө.

Гэр хорооллын айл өрх хэрэглэгчдэд шөнийн тарифын хөнгөлөлт тооцох ажлыг Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 203, 204 дүгээр тогтоолыг баримталж хэрэгжүүлэх юм.

Энэхүү журам, тогтоолд заасны дагуу нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө.

Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн төвшинтэй хэрэглэгч 700 кВт/цаг, 380 В-ын хүчдэлийн төвшинтэй хэрэглэгч 1500 кВт/цаг байх ажээ. Үүнээс илүү гарсан хэрэглээг нь 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцохоор журамд заажээ.

Мөн энэ өвөл 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн 21.00-06.00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон юм. Хөдөө орон нутгийн  хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй байна. Энэхүү хөнгөлөлтийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлж ирэх оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал мөрдөх юм. Уг хөнгөлөлтийг эдлэхийн тулд өмнө нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх шаардлагатай ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү