Өнгөрсөн сарын монголын шилдэг тамирчин шагналд нэр дэвшигчид тодорлоо


7 жил

     Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин" -г тодруулж байгаа билээ.

Өнгөрсөн сард олгосон эхний шагналыг Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн П.Орхон болон Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн МУГТ Д.Сумъяа нар хамтран хүртсэн юм.

9-р сард манай тамирчид амжилт, медалийн ургац сайтай байлаа. Азийн танхимын болон тулааны спортын наадмаас манай тамирчид нийт 30 медаль хүртсэн бөгөөд тус наадмын аваргууд болох А.Мөнхцэцэг /бүст барилдаан болон туркмен үндэсний бөхийн төрөлд нийт 3 алтан медаль, нэг мөнгөн медаль тус тус хүртсэн/, Ц.Батцэцэг, М.Анхцэцэг нар сарын шилдэг тамирчинд нэр дэвшиж байгааг онцлоход таатай байна. Тэднээс гадна чөлөөт бөхийн Армийн ДАШТ -ний аваргууд болох П.Орхон болон Г.Отгонжаргал, 13 настайдаа Шатрын спортын өсвөрийн дэлхийн аварга болсон Д.Батсүрэн, Мэргэжлийн сумогийн Нацү башёд түрүүлсэн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Оюутны дэлхийн аварга болсон 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон хөлбөмбөгийн лигт 3 дахь жилдээ дараалан түрүүлсэн Эрчим багууд нэр дэвшлээ.

"Сарын шилдэг тамирчин" -г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний хагаст явуулах болно.

ТА САНАЛАА ӨГӨХДӨӨ ДООРХИ ЛИНКЭЭР ОРЖ ӨӨРИЙН СОНГОЛТОО ХИЙНЭ ҮҮ!

https://aommnoc.typeform.com/to/EMbcR7

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү