“Зэрлэг ан, амьтны хууль бус худалдаа” сургалт явуулав


7 жил

Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, Мөрдөн байцаах алба, “Тал нутгийн түүчээ” төрийн бус байгууллагатай хамтран гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг мөрдөгч, эрүүгийн мөрдөгч нарт “Зэрлэг ан, амьтны хууль бус худалдаа” сэдэвт сургалтыг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Монгол Улсад 2016 оноос Их Британи болон Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Засгийн Газрын санхүүжилтээр “Хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах нь” төслийг Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран “Тал нутгийн түүчээ” төрийн бус байгууллага хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.

Сургалтаар Монгол орон дахь зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа, худалдааны эргэлт, ховор, нэн ховор ан амьтан, ургамал, шавжийн төрөл зүйл тэдгээрийн онцлог, ховордож буй шалтгаан нөхцөлийн талаар цогц ойлголтыг өгөхийн хамт Лондоны амьтан судлалын нийгэмлэгээс хэвлүүлсэн гарын авлага олголоо. Мөн сургалт явагдсан газар нь материаллаг баазын хувьд 2014 онд Японы олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын хөрөнгө оруулалтаар баригдсан “ЭКОПАРК” музей буюу ан, амьтны төрөл зүйлийг харуулсан үзмэрийн сантай газарт түшиглэн Шинжлэх ухааны академийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудаар шууд удирдуулан хийлгэсэн нь онол практикийн өндөр ач холбогдолтой болов.

Тухайлбал, МУИС-ийн багш, доктор, профессор С.Гомбобаатар Монгол Улсад буй шувууны төрөл зүйлийн талаар дагнасан судалгааг 20 гаруй жил хийжээ. Тэрбээр өөрийн сургалтыг “ЭКОПАРК” музейд түшиглэн шувууны төрөл зүйлийн онцлог, харагдах байдал, биеийн хэмжээ, ялгагдах өнгө зэргийг шууд газар дээр нь биетээр харуулж сургалт орсон нь алба хаагчдад ажлын байрандаа очоод баталгаажуулж, хэрэгжүүлж ажиллахад бүрэн боломжтой, шинэлэг хэлбэр бүхий ач холбогдолтой сургалт боллоо хэмээн оролцогчид дүгнэж байв.

Сургалтад “Монгол орны хууль бус худалдаанд өртөж буй хөхтөн амьтны зүйл, тэдгээрийг таньж тодорхойлох арга, шийдвэрлэх зарим арга зам” сэдвээр ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн ЭША, Г.Цогтжаргал, “Монгол орны хууль бус худалдаанд өртөж буй загасны зүйл, тэдгээрийг таньж тодорхойлох арга, шийдвэрлэх зарим арга зам” сэдвээр ШУА-ийн Ерөнхий ба Сорилын биологийн хүрээлэнгийн ЭША, доктор Ч.Аюушсүрэн зэрэг 10 хичээлийн сэдвээр 16 цагийн сургалтыг 8 багш заасан юм.

Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэс болон Хууль сахиулахын их сургуулиас сургалтад хамрагдсан 46 алба хаагчид сургалтын гэрчилгээг Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, МУИС-ийн багш, доктор, профессор, “Тал нутгийн түүчээ” ТББ-ын захирал С.Гомбобаатар нар гардуулав.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү