Баянгол дүүрэг Xөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа


7 жил

Баянгол дүүрэг Xөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа. Энэхүү түүхэн арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, дүүргийн ИТХ-ын дарга Г.Энхболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Л.Нарантуяа болон дүүргийн үе үеийн ИТХ-ын дарга, засаг дарга, ажлын алба мөн Баянгол дүүргийн хэлтсүүдийн үе үеийн дарга, ажилтан, албан хаагчид урилгаар оролцсон юм.

Улаанбаатар паласын их танхимд баярын арга хэмжээ 2 цаг гаруй хугацаанд үргэлжилж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг Баянгол дүүргийн Тамгын газрын туганд ёслол хүндэтгэлтэйгээр залсан юм.  Энэхүү түүхэн арга хэмжээнд дүүргийн гурван мянга гаруй иргэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэд уухайн дуутайгаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоо хүлээн авлаа.
Үүний дараа хүндэтгэл ёслолын арга хэмжээний парад уг төрийн дээд одонг тус дүүргийн Тамгын газрын “Ёслол хүндэтгэл”-ийн өргөөнд  авчирж дүүргийн удирдлагууд хүндэтгэлтэйгээр заллаа.

Тус дүүрэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийнхээ амьдрах амар тайван аюулгүй орчныг бий болгож, эрүүл аж төрөх нөхцөлийг бий болгоход гарт баригдаж нүдэнд харагдах бүтээн байгуулалт олноор хийсэн. Мөн салбар бүрт жишиг дүүрэг болох эхлэлийг тавьсан нь энэхүү  одонг авах гол амжилт болжээ. Мөн нийслэлийн бусад дүүргүүдээс хамгийн анх удаа “Одонтой дүүрэг” болж байгаа нь түүхэнд тэмдэглэх үйл явдал юм.

Баянгол дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 422 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн бөгөөд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”, Олон улсын Азийн сангаас хийсэн нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүн байрыг эзэлсэн байна. Энэхүү өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлэг, тэдгээрийг нарийвчилсан 150 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тодорхойлдог байна.

Тус дүүргийн энэхүү ололт амжилт, их бүтээн байгуулалтууд нь ийнхүү өнөөдрийн төрийн дээд одон медалиар шагнагдахад хүргэжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү