Х.Баттулгын дараагийн зөвлөхөөр Д.Пүрэвдаваа томилогдох уу?


7 жил

   Монгол Улсын Ерөнхийлөгч хэдэн зөвлөхтэй ажиллах нь өөрийнх нь сонголтын асуудал байдаг. Гэвч хувиарлагдсан төсөвтөө багтаах учиртай. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхүүдээ бүрэн томилж дуусаагүй л байгаа. Харин өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд долоон зөвлөхтэй ажиллаж байлаа. Үүнд Хүний эрх, хуулийн бодлогын, Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын, Хүний хөгжил, нийгмийн бодлогын, Олон нийтийн харилцааны бодлогын, Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын, Гадаад бодлогын, Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх гэсэн бүтэц багтаж байсан. Хуулиар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь "дэд сайдын нэгэн адил цалин, ажлын нөхцлөөр хангагдана" гэж заасан байдаг юм.

Тиймээс шинэ ерөнхийлөгчийг хэдэн зөвлөхтэй, тэдгээр нь хэн байхыг улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт анхааралтай ажиглаж байна. Мэдээж зарим нэгэн хүний нэр бор шувуу шиг нисэлдэж эхэлсэн нь нууц биш. Харин саяхан Улстөрийн бодлогын зөвлөхөөрөө Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг томилсон. Түүнээс гадна БНХАУ-тай харилцах харилцааг нэн яаралтай тодорхой болгож, ойр дотно харилцах үүднээс Гадаад бодлогын зөвлөхөөр БНХАУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатарыг томилох тухай яриа наадмын өдрүүдэд хүчтэй гарсан ч одоогоор тодорхой шийдэгдээгүй л байна. Мэдээж Р.Амаржаргал, П.Цагаан гэх зэрэг хүмүүсийг зөвлөхөөрөө авах нь ард түмний талархлыг хүлээнэ гэсэн яриа ч гарч л байлаа.

Харин Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөхөд БЗД-ийн Засаг даргаар ажиллаж байгаа Д.Пүрэвдаваа яригдаж эхэлсэн сурагтай. Мэдээж болохгүй зүйлгүй л сонголт. Учир нь энэ нөхөр Монголын хамгийн их хүн амтай буюу 300 мянга гаруй хүн амтай дүүргийг 2012 оноос хойш тасралтгүй амжилттай удирдаж ирсэн нэгэн. Зүгээр ч нэг удирдаагүйгээр барахгүй дүүрэгтээ өнгөрсөн таван жилд олон арван бүтээн байгуулалтыг хийж бүтээсэнд нь дүүргийнх нь иргэд, сонгогчид ам сайтай байдаг юм билээ. Мөн нийслэлийн зүгээс БЗД-ийг түшиглэн цаашдын хөгжилөө тодорхойлж байгаагаас энэ хүний хийж бүтээснийг харж болох биз. Дээрээс нь намынх нь хувьд авч үзэхэд тус намд Д.Пүрэвдаваа бол яах аргагүй залуу үеийн төлөөлөл болсон хүчтэй лидер. Дүүргийн намын даргын хувиар 2012, 2013, 2016 оны сонгуулиудад дараалан ялалт байгуулсан тэрээр саяын ерөнхийлөгчийн сонгуулиар намаа хамгийн хол зөрүүтэй ялалт байгуулуулж чадсан нэгэн. Хамгийн гол нь яригдаж байгаа албан тушаалдаа бүрэн тэнцэх хэмжээний буюу нийт иргэдийн 10 хувийг удирдаж чиглүүлж байгаагийнхаа хүрээнд Хүний хөгжил, нийгмийн бодлогыг хэнээс ч дутахгүй мэдэх нь дамжиггүй.

Мэдээж намын залуу лидер, ард түмэн, дүүргийн жирийн иргэдийн амьдралыг хамгийн сайн мэддэг түүнээр Х.Баттулга ерөнхийлөгч багаа өргөтгөж гэмээнэ түүний мөрийн хөтөлбөр хэрэгжихэд чухал алхамуудын нэг байх нь гарцаагүй. Угаас Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх түүчээ, хөдлөх хүч болох учиртай. Яг л ийм хөдлөх хүч, түүчээ нь байж чадах залуусаа дэмжиж, тэдний тусламжийг авах хэрэгтэй байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү