Канадын хүн амын гуравны нэг нь хадгаламж, зээлийн хоршооны гишүүд


7 жил

Өнгөрөгч долоо хоногт Канад улсад ажилласан дэд дарга Д.Баярсайхан тэргүүтэй Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны төлөөлөгчид Ванкувер хотноо болсон Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны зохицуулагчдын хурал /ICURN/-д оролцохын зэрэгцээ тус улсын хадгаламж, зээлийн хоршоод болон зохицуулагч байгууллага, Төв хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаатай танилцсан юм. Хадгаламж, зээлийн хоршоо нь санхүүгийн үйлчилгээг үзүүлж байгаа мэт боловч  гишүүдийнхээ нийгмийн соёл, эдийн засгийн хэрэгцээг хангаж үйлчилдэг байгууллага юм. Тийм ч учраас Канад улсад санхүүгийн үйлчилгээний хоршооны хэлбэр ихээхэн хөгжжээ.

Канадын нийт 620 гаруй Хадгаламж, зээлийн хоршоо ойролцоогоор 3000 гаруй салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гишүүдийнх нь тоо 10 сая гаруй буюу тус улсын нийт хүн амын гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд хүрчээ.

Монгол Улсын СЗХ-ны төлөөлөгчид Канадын Хадгаламж, зээлийн хоршоодын төлөөлөл болгон Ванкувэрийн томоохон хоршооны нэг Vancity-д зочилсон юм. Тус хоршоо 1946 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 2627 ажилтан, 59 салбартай, нийт 524.0 мянга орчим гишүүддээ санхүүгийн үйлчилгээг үзүүлж байна. Хоршооноос гадна хөрөнгө оруулалтын менежментийн Vancity компаниар дамжуулан 505 хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж, 228.0 мянга гаруй төлбөрийн карт эзэмшигчтэй болжээ.

Хоршооны гол бүтээгдэхүүний нэг нь түргэн шуурхай санхүүжилтийн зээл юм. Бага хүүтэй, хураамж багатай тул уг зээл хоршооны гишүүдэд ихээр үнэлэгдсэн шинэлэг бүтээгдэхүүн болж чаджээ. Зээлийн зорилго нь гишүүдийн ирээдүйн санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд оршдог байна. Тиймээс уг зээл эрэлт ихтэй байдаг бөгөөд эрэлтээрээ цалингийн зээлийн дараа хоёрт ордог аж. Тухайн зээлийн хугацаа хоёр сараас хоёр жилийн хооронд өргөн сонголттой, эргэн төлөлтийн уян хатан нөхцөлтэй учраас гишүүдийн зээлийн эерэг түүхийг бий болгох давуу талтай байдгийг хоршооныхон онцолж байлаа.

Тус хоршооноос гаргаж буй өөр нэг шинэлэг бүтээгдэхүүн болох цахим багцын үйлчилгээ ихээхэн сонирхол татаж байв. Энэ үйлчилгээгээр гишүүд өөрийн баталгаат цахим гарын үсгээр харилцах /чек/ данснаас хязгааргүй гүйлгээ хийж болдог байна. Дансандаа 1000 доллараас доошгүй үлдэгдлийг байлгах нөхцөл тавьж, энэ нөхцөлийг хангасан тохиолдолд сарын суурь хураамж болон үйлчилгээний хөлсний шимтгэлээс чөлөөлөх хөнгөлөлтийг олгодог нь уг бүтээгдэхүүний нэр хүнд, эрэлт өсөхөд нөлөөлдөг ажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү