Хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв


7 жил

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны /КАРЕК/ хөтөлбөр нь гишүүн төв азийн 11 орон (Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казакстан, Киргиз, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан) олон талт хамтын ажиллагааны 6 байгууллага (Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Олон Улсын Валютын Сан, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Исламын Хөгжлийн Банк)-ын дэмжлэгтэйгээр бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгоор 2001 онд бий болсон ба манай улс уг хөтөлбөрт 2002 онд элсэн оржээ.

Гишүүн орнууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор 2020 он хүртэл хамтран ажиллах стратеги, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон баримт бичгийг боловсруулан Сайд нарын уулзалтаараа 2011 онд батлуулан хэрэгжүүлж байна. Тус стратегийн баримт бичиг нь “Сайн хөрш, Сайн түнш, Сайхан ирээдүй” гэсэн алсын хараа, түүнд хүрэх стратегийн 2 түвшний зорилгыг тодорхойлжээ.

Стратегийн энэхүү хоёр зорилгын хүрээнд гишүүн орнууд нь үйл ажиллагааны долоон тэргүүлэх чиглэлийг тодорхойлон бүс нутгийн шинж чанартай үйл ажиллагаа болон төслүүдийг хэрэгжүүлж байна. Стратегийн баримт бичгийн дагуу 2015 оны 3 дугаар сард БНХАУ-ын Шинжаан Уйгар аймгийн Өрөмч хотод КАРЕК Институтийг байгуулсан ба үйл ажиллагааг нь урт хугацаанд тогтвортой явуулах, гишүүн орнуудын оролцоог ижил байлгах зорилгоор олон улсын бие даасан байгууллага болгох асуудал хөндөгдөж уг зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс зэрэг 3 улс “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны Институтийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулан соёрхон батлуулснаар хэлэлцээр хүчин төгөлдөр болсон байна.

КАРЕК Институт нь гишүүн орнуудын чадавхийг бэхжүүлэх арга хэмжээг зохион байгуулахаас гадна хөтөлбөрийн хамтын ажиллагаанд шаардлагатай судалгаа, шинжилгээний ажлыг хийх үүрэгтэй бөгөөд институтыг бие даасан олон улсын байгууллага болгох ач холбогдол нь хамтын ажиллагааны чиглэл, үйл ажиллагааг тодорхойлох, шийдвэр гаргах, батлахад гишүүн орнуудын оролцоог ижил түвшинд хангах боломжийг нээж өгч байгаа учраас Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институтийг  үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү