Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ


7 жил

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалан явуулсан.

Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 5.8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 405.9 тэрбум төгрөгөөр давж, нэгдсэн төсвийн зарлага 9.5 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 496.8 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, Дотоодын нийт бүтээгдэхүүний 15.3 хувьтай тэнцэж байна хэмээн Сангийн дэд сайд Х.Булгантуяа мэдээлсэн.

Монгол Улсын 2016 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.9 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 327.9 тэрбум төгрөгөөр буюу 9.2 хувиар давж, улсын төсвийн зарлага 7.4 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 355.4 тэрбум төгрөгөөр буюу 4.6 хувиар бага гарсан аж.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 109.2 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 99.1 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 111.4 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 103.3 хувь байна.

Тайлант 2016 онд улсын төсвийн зарлага 7,749.7 тэрбум төгрөг байхаар төлөвлөснөөс 7,394.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй гарч, 95.4 хувийн буюу 355.4 тэрбум төгрөгийн дутуу биелэлттэй гарчээ.

Орон нутгийн төсвийн зарлага 2,330.4 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 4.6 хувь буюу 111.6 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Орон нутгийн төсвөөс улсын төсөвт 90.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Хүний хөгжил сангийн зарлага 278.6 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 1.9 хувь буюу 5.3 тэрбум төгрөгөөр бага байна. Тус сангаас 0-18 насны хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт 218.8 тэрбум төгрөг, хүүний төлбөрт 59.8 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 1,720.3 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 44.5 тэрбум төгрөгийг дутуу зарцуулсан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Саранчимэг асуулт асуусан юм. Тэрбээр, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лабораторийн барилгын үлдэгдэл төсөв Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлд суусан эсэх, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг хэзээ ашиглалтад оруулах гэж байгаа талаар тодруулж хариулт авсан бөгөөд 2016 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар алдаа, зөрчил гаргасан төсвийн ерөнхийлөн захирагч нарт болон албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй хэмээсэн.

Байнгын хороогоор дээрх асуудлыг ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү