Гайхамшгийг бүтээдэг ч, гамшиг ч авчирдаг "туслагч"


7 жил

Компьютер дээр тулгуурласан программ хангамжгүйгээр өдөр тутмын аливаа үйл ажиллагааг төсөөлхөөргүй цаг үед хүн төрөлхтөн амьдарч байна. Захидал харилцаа, санхүү бүртгэл, чөлөөт цаг, хайр дурлал тэр ч бүү хэл эр, эмийн ёсны асуудлаар ч цахим ертөнцөд л хандаж, мэдээлэл авч, түүндээ итгэж үнэмших болсон цаг. Гэвч компьютер, түүний программ хангамж бол найдвартай, үнэнч, агуу мэдлэгтэй, тэр дундаа бурхан биш гэдгийг санаж явах хэрэгтэй.

Эцсийн эцэст компьютер гэдэг бол зөвхөн энгийн нэгэн цахилгаан хэрэгсэл, түүний программ хангамж гэдэг нь та бидэнтэй ижил хүний л сэдэж бүтээсэн тоо, үсэгний "утга нь үл ойлгогдох хольц" шүү дээ.

Тийм хэдий ч хүн төрөлхтөн амьдралаа, ирээдүйгээ тэр чигт нь тэдгээр цахилгаан хэрэгсэл, түүний программ хангамжид даатгах болсон. Тэгэхээс ч аргагүй биз. Гэвч бидний тэрхүү итгэл, найдварыг нөгөөх компьютерийн программ хангамж хэр найдвартай хангадаг юм бол. Компьютерийн программ хангамжид гарсан алдаанаас үүдэн мөнгөөр ч үнэлээд баршгүй их хэмжээний хохирлыг хүн төрөлхтөнд учруулсан цөөнгүй баримт бий. Тэр алдаануудаас болж эд материалын хохирол учирч, хүмүүс эрүүл мэнд, амь насаараа хохирох нь хамгийн аймшигтай бөгөөд харамсалтай хэрэг юм. Тэдгээрээс цөөн хэдийг өгүүлье.


Анхны "bug"

1945 онд инженерүүд "Harward Mark 2" компьютерийн корпус дотроос  цагаан эрвээхэй олсон нь түүхэн дэх хамгийн анхны компьютерийн "bug" байжээ. Инженерүүд түүнийг өөрсдийн тэмдэглэлдээ "bug" хэмээн тэмдэглэсэн тэр л цагаас хойш компьютерийн алдааг "bug" (bug – англиар шавьж хорхой гэсэн утгатай) гэх болжээ. Тоон технологи бүхий төхөөрөмжүүд дэлгэрэх тусам bug-ууд ч бидний амьдралд улам нэвтэрсээр. Үүрэн телефон, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин гээд эргэн тойронд биднийг хүрээлдэг. Ихэвчлэн bug-уудын хор хохирол бага байдаг боловч зарим тохиолдолд асар их эдийн засгийн хохирол учруулж, эрдэнэт хүний амь насыг авч оддог нь харамсалтай.


Хадуурсан сансрын хөлөг

"Mariner 1" сансрын хөлөг Венера гараг руу аялахаар хөөрчээ. Антенн хугарсны улмаас газрын удирдлагын албатай холбоо алдагдаж, хөлөг онгоц өөрийн удирдлагын системд шилжсэн байна. Гэвч энэ системд бяцхан боловч ноцтой bug байжээ. Үүний улмаас хөлөг өөр тийшээ нисэж, Атлантын далай дээр түүнийг дэлбэлж живүүлэхээс өөр аргагүйд хүрэв. Хожим хийсэн шинжилгээгээр жолоодлогын системийг програмчилж байхдаа нэгэн томьёонд ганцхан тэмдэгт орхиж бичсэнийг олж тогтоосон байна.


Үхэлд хүргэсэн хорт туяа

"Thereac-25" маркийн эмнэлгийн хурдасгагчаар туяаны шарлагад орж байсан хүмүүс үхэлд хүргэх хэмжээний туяанд хорджээ. Тус төхөөрөмжийн программ хангамжийг туршлагагүй залуу програмчин бичсэн байсан бөгөөд үүнээс болж таван хүн нас барж, олон хүн хүнд хордлого авчээ.

Мөн Панамын хорт хавдар судлалын үндэсний төвд АНУ-ын "Multidata Systems International" компанийн үйлдвэрлэсэн цацраг туяаны төхөөрөмж удирддаг программ хангамж нь туяаны хэмжээг буруу тооцоолж байсан явдал юм. Үүнээс болж найман хүн нас барж, 20 хүн хордлого авсан байна. Программын тооцоог дахин нягтлан шалгах ёстой байсан эмч нар хүн амины хэргээр яллагджээ.


"AT&T" системийн утасны шугам сүлжээний саатал

1990 онд "AT&T" системийн утасны шугам сүлжээ есөн цаг саатсан хэрэг гарчээ. Хот хоорондын коммутаторуудыг ажиллуулдаг шинэ программд байсан алдаанаас үүдэн тус коммутатор хажуугийн коммутатораас тусгай сигнал авснаар дахин ачаалж байсан явдал юм.  Хамгийн гайтай нь энэхүү сигнал коммутаторыг дахин ачаалж байхад гардаг сигнал байжээ. Нэг өдөр Нью-Йоркийн нэгэн коммутатор дахин ачаалахад гинжин холбоо үүсэж хажуугийн 114 коммутатор зогсолтгүй 6 секунд тутам дахин ачаалж, 60 мянган хүн есөн цагийн турш хот хоорондын холбоогүй болсон байна.


"Intel" компанид учирсан 475 сая долларын хохирол

1993 онд олон нийтэд өргөн дэлгэр реклам сурталчилгаа явуулсан "Intel Pentium" процессор хөвөгч таслалтай тоог буруу хувааж, 0.006 хувийн алдаа гаргаж байсан байна. Энэ нь өргөн хүрээний хэрэглэгчдийг хамраагүй ч гэсэн тус компанийн нэр хүндэд маш муугаар нөлөөлжээ. Эхний үед "Intel" компани нь тооцоолон бодолтод ийм нарийвчлал хэрэгтэй гэдгээ баталсан хэрэглэгчдэд процессорыг сольж байсан боловч сүүлдээ хүссэн бүх хүмүүст солихоор болсон. Энэ жижиг алдаа нь тус компанид 475 сая долларын хохирол учруулжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү