Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна


4 жил

Өнөөдөр билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Бурхан багшийн Их дүйчин өдөр” бүх нийтээр амрахаар хуульчилсан нь энэ жилээс хэрэгжиж байна. 

Л.Тэрбишийн зурхайд 2020 оны зуны тэргүүн сарын шинийн 15 зургадугаар сарын 5-ны эл өдөр таарч буй юм. Энэ нь Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 37 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурхны хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг билэгт сайн өдөр аж.

Энэ өдрийг Бурхны шашинт Азийн бүх улс орнууд болон Европын холбооны зарим улс орнууд, Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

Монголчуудын хувьд 1990 оноос хойш "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" нэрэн дор энэрэл нигүүлслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон тэмдэглэж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд тус өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр хэмээн заасан байна.

УГ ХУУЛИЙН:

3.1.1.“нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ.

4.1.10. Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15. /Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн./

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү