Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай


2 долоо хоног

“Ковид-19” цар тахлын урьдчилан сэргийлэлттэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны төлөөллүүдтэй өнөөдөр цахимаар хуралдаж,  Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл болон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар тус холбооноос боловсруулсан саналуудтай танилцав. 

 Цахим хуралд УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Учрал, тус холбооны тэргүүн дэд ерөхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөхийлөгч Т.Хаш-Эрдэнэ, Х.Сайхансанаа болон орон нутгаас Сэлэнгэ, Өмнөговь, гадаадаас ОХУ, АНУ-аас тус холбооны салбарын удирдлагууд оролцов. Дэлхийн 187 онд бүртгэгдээд байгаа короновирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг өндөр түвшинд  зохион байгуулж байгаад тус холбооны залуус УОК, Засгийн газарт талархал илэрхийлсэн. Улс орны хэмжээнд онцгой дэглэмд шилжсэнтэй холбогдуулж тус холбооны удирдлагууд анх удаа цахим хурал хийж, үүндээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг оролцуулсан нь энэ аж.

Image may contain: one or more people, people sitting, screen, table and indoor

  “Алсын хараа-2050” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг болон МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ сайд ахалж байгаа юм. Тус холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд тулгамдаж байгаа ямар асуудлууд байгаа талаар санал асуулга явуулсан бөгөөд нийт 100 гаруй мянган хүн хамрагдсанаас 13 мянга нь тодорхой саналуудыг ирүүлсэн талаар тус холбооныхон танилцуулсан. Эдгээр саналуудыг эрэмбэлээд эхний 10 саналыг намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжиллаа. Тухайлбал, Сэлэнгэ, Өмнөговь аймгаас холбогдсон М.Тэмүүлэн, Ч.Сугархүү нар орон нутагт амьдарч байгаа залуучуудын хувьд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхай, ашигт малтамалын олборлолттой холбогдуулж залуучууд руу чиглэсэн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай гэсэн саналыг анхааралдаа авахыг уламжлав. Мөн Нийслэлийн НАМЗХ-ны залуучуудын хувьд нийгэмд, тэр тусмаа өсвөр, залуу үеийн дунд шинээр аюулын харанга дэлдэх болсон хар тамхи, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тал дээр онцгой анхаарч, хууль, эрх зүйн зохицуулалтуудыг илүү боловсронгуй болгохыг чухалчилж байгааг энэ үеэр хөндлөө. Мөн цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах, инновацийг төрийн бодлогоор дэмжих, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, старт аппуудыг дэмжих, татварын хөнгөлөлттэй бүс байгуулах саналуудыг залуучууд түлхүү илэрхийлж байгаа аж. 

  Үүнээс гадна боловсролтой холбоотой, ялангуяа гадаадад их, дээд сургуульд тэтгэлгээр сурдаг оюутнуудын тоог нэмэх, тэтгэлгийн шалгуурыг өндөрсгөж, шалгаруулалтыг  ил тод нээлттэй болгох, эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргах, ойрын жилүүдэд ямар мэргэжил хэрэгтэй байх судалгааг гаргаж төрийн бодлоготой уялдуулах шаардлагатай байгааг ОХУ, АНУ-аас холбогдсон төлөөллүүд Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжилсан юм. Тэрээр НАМЗХ-ны залуучуудын гаргасан саналуудаас 87 хувийг нь МАН-ын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг тодотгосон юм.

 

Image may contain: one or more people, people sitting, phone and screen

Энэ талаар,” Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Одоогийн байдлаар 250 гаруй мянган хүн саналаа ирүүлээд байна. Уг баримт бичгийг улс төрийн намуудад гардуулж өгсөн. Хамгийн сүүлд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдууд, Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан бүх хүнд гардуулж өгөөд байна. Дөнгөж сая гэхэд ХҮН намынхан надтай уулзаж, санал солилцлоо. Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй. Тооцоо судалгаанд суурилах ёстой. Ирэх жилүүдэд гэхэд бид гадаад, дотоодоос өмнө нь авсан асар их өрийг эргүүлж төлөхөөр байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Дэлхийн эдийн засаг ч короновирусын тархалтаас болоод ирэх жилүүдэд амаргүй болж ирлээ. Энэ нь манайд ч их, бага хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс энэ бүхнийг бодолцож улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай гэж бодож байгаа.

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэдэг санал иргэдээс, залуучуудаас хамгийн их ирж байгаа. Үүнийг шийдэхийн тулд тэтгэврийн сан, хуримтлалын сан, үндэсний баялгийн сангуудын цогц дэмжлэгээр шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн системтэй нь холбох байдлаар цогцоор нь шийднэ гэсэн үг. Утааг багасгах асуудал гэхэд өмнөх жилүүдэд бодлого нь ажил нь тусдаа явж ирсэн учраас үр дүн гараагүй. Үүн шиг орон сууцжуулалтыг санхүүгийн системтэй нь уях байдлаар шийдэжб олно. Та бүхний санал болгосончлон төрийн үйлчилгээг цахимжуулах саналыг харгалзаад 13,240 үйлчилгээг нэг апликейшнд төвлөрүүлэх ажлыг хийхээр тусгасан байгаа. Ер нь хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг шиг манай улсын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тэгэхээр төрийн бодлого ч тэр, намын мөрийн хөтөлбөр ч ялгаагүй, залуучуудын хөгжил рүү дийлэнх хэсэг нь чиглэх болно.” гэлээ.     

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү