Калифорни муж дэлхийд том дэвшилт авчирна


6 жил

Сүүлийн үед дэлхийн хэд хэдэн улс эрчим хүчний асуудалд ихээхэн анхаарч, сэргээгдэх эрчим хүчийг сонирхох болсон. Үүний нэг жишээ нь  энэ онд эдийн засгийн чадамжаараа дэлхийд тавдугаарт бичигдсэн Калифорни муж юм. Тус муж 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг болохоор зорьж буйгаа зарлаж байсан билээ.

Тэгвэл энэ сарын арванд мужийн захирагч Жерри Бровн 2045 он гэхэд шаардлагатай бүх цахилгааныг нар, салхи, усны эх үүсвэрээс гарган авах хуулийг баталжээ. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг бий болгодог нүүрс хүчлийн хийг бууруулахад чиглэгдсэн аж.

Энэхүү ажлынхаа хүрээнд Калифорни муж 2020 он гэхэд эрчим хүчнийхээ 50 хувийг цэвэр эх үүсвэрээс авахаар зорьсон байна.

Ингэхийн тулд одоо байгаа техник технологийг улам сайжруулах шаардлагатай болжээ. Учир нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нар, салхи нь улирлын чанартай, байнга ашиглах боломжгүй тул тэдгээрийн эрчим хүчийг нөөцлөх шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл, зөвхөн зуны улиралд эрчим хүчнийхээ бүтэн жилийн хэрэгцээг нөөцлөх хэрэгтэй аж. Гэвч одоогоор сэргээгдэх эрчим хүчийг хямдаар болон их хэмжээгээр нөөцлөх чадалтай цэнэг хураагуур байхгүй юм.

Калифорни мужийг 100 хувь цахилгаанаар хангахын тулд 36,3 сая мегаватт эрчим хүч шаардлагатай.

Гэвч одоогийн байдлаар дээд тал нь 150000 мегаватт эрчим хүч нөөцлөх чадвартай  баттери л байгаа аж.

 

Бидний утас мөн цахилгаан хэрэгслүүдэд байдаг литиум баттери нь  дээрх шаардлагыг хангаж чадахгүйн дээр ихээхэн хөрөнгө шаардах гэнэ. Тиймээс литиум-ион баттерины хүчин чадлыг нэмэгдүүлж мөн илүү хямд зардалтай болгон шинэчлэх ажил хийгдэж байгаа аж.

Мөн Билл Гейтс, Жефф Бозос, Жэк Ма, Ричард Брэнсон зэрэг дэлхийн алдарт тэрбумнуудын эвсэл,  эрчим хүчний нэгж бүрт ялгарах нүүрстөрөгчийн хэмжээг багасгахын тулд хамгийн багадаа 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж байжээ. Үүнээс л байгаль, экологи, эрчим хүч нь өнөөгийн хамгийн их анхаарал хандуулах ёстой асуудал болсныг харж болно.

Хэрэв Калифорни муж 2045 он гэхэд 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг болж чадвал, энэ нь зөвхөн тухайн мужид биш дэлхий нийтэд гарсан маш том дэвшилт болох юм.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү