Монгол Улсын Ерөнхийлөгчийн үг Малайзийг хөдөлгөж байна!


6 жил

Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяа тэртээ 2006 онд Малайз Улсад онц хэрцгийгээр алагдсан билээ. Уг хэрэгт Малайзын Ерөнхий сайд асан Нажиб болон түүний ойрын хүн холбоотой нь тодорхой болсон бөгөөд тиймдээ ч өдийг хүртэл шийдэгдэхгүй хоёр орны харилцаанд ан цав суусан юм.

Монгол Улсын иргэнийг Малайзын тусгай албаныхан хөнөөсөн ба ингэхдээ толгойд нь буудаж, ойд аваачиж тэсрэх бөмбөг биед нь зүүж дэлбэлсэн байдаг. Энэ хэргийг үйлдсэн хүмүүс өндөр албан тушаалын хүмүүсийн захиалгаар энэ хэргийг үйлдсэн учир зохих шийтгэлээ хүртээгүй. Харин Монголд Ц.Элбэгдорж, Малайзад Нажиб Разак төрийн өндөр албан тушаалаас бууж хоёр оронд шинэ үе гарч ирснээр Ш.Алтантуяагийн хэрэг шийдэгдэх боломж бүрдлээ. Үүнийг ч Ерөнхийлөгч Х.Баттулга анзаарч Малайзын Ерөнхий сайдаар дахин сонгогдож, Нажибын төрд байх эцсийн боломжийг үгүй хийсэн Махатир Мохамадад ялалт байгуулсанд баяр хүргэж захиа илгээхдээ Ш.Алтантуяагийн хэргийг сөхсөн нь Малайз Улсыг тэр чигт нь хөдөлгөж байна.

Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ш.Алтантуяагийн хэргийг шийдэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Махатир Мохамадад тавилаа гэсэн утга агуулга бүхий гарчигтай мэдээллүүд ихээр гарч байна. Тиймээс Монгол эмэгтэйн харамсалтайн үхлийн хэрэг шийдэгдэх бололтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Малайзын Ерөнхий сайдад бичсэн захиандаа:

...Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд миний бие Монгол Улсын иргэн, хоёр хүүхдийн ээж Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны 10 дугаар сарын 18-нд Малайз Улсад хөнөөсөн онц ноцтой гэмт хэргийн явцад онцгой анхаарал хандуулдаг юм. Энэхүү гэмт хэргийн улмаас манай хоёр орны харилцаанд, тэр тусмаа ард иргэдийн хооронд таагүй уур амьсгал бий болоод байгаа бөгөөд Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Та гэмт этгээдүүдийг шүүх, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх, талийгаачийн ар гэрийнхний иргэний нэхэмжлэлийг шүүхээр шударгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж, хоёр улсын харилцаанд үүссэн таагүй уур амьсгалыг илааршуулна гэдэгт найдаж байна... гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү