​П.Ганхүүг "Эрдэнэс Монгол"компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ


6 жил

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгооны асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, төрийн өмчит "Эрдэнэс-Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилсон байна.

П.Ганхүү нь 2016-2017 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын танхимд ажиллаж байсан юм. Тэрээр эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй. 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль төгсөж, Япон Улсын Сэншүгийн Их Сургуульд эдийн засгийн магистр, Австралийн Сиднейн их сургуульд мастер хамгаалсан байна. Эрчим хүчний яаманд  дэд бүтэц, эрчим хүчний  мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч дарга, сайдын түвшинд ажилласан туршлагатай юм байна. 

"Эрдэнэс Монгол" компанийн хувьд 2007 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр  Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан."

Тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж байна. Мөн “Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж,  Тавантолгой -Гашуун сухайт чиглэлийн автозамын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг “Гашуунсухайт авто зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр байгуулан ажиллуулж байна.     

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү