Япон онолын физикч ойрын ирээдүйд бий болох сонирхолтой зөгнөлүүдээ ярьлаа


6 жил

   Олон улсад алдартай онолын физикч Мичио Какугийн The World in 2030 гээд лекцэн дээрээ ярьж байсан футурист зөгнөлүүд. Онолын физикч Мичио Каку ойрын ирээдүйд буюу 2030 он түүнээс цаашаа бидний амьдралд технологи хэрхэн нөлөөлөх талаар өөрийн үзэл бодлыг ингэж ярьжээ.

Түүний  үзэж байгаагаар:

- Ирээдүйд хүн цаг хугацаагаар аялах нь тодорхой.

- Удахгүй хүн эмч рүү явах шаардлагагүй болно. Суултуур чинь таны ялгаруулсан ялгадас шингэнээр биеийг чинь, харин угаалгын өрөө чинь ДНХ-г иж бүрнээр шинжилдэг болно.

- Тархинд чип суулгаснаар бодлоороо компьютертэй холбогдох болно.

- Ухаалаг хана бий болж, хүний харилцаа ханаараа дамжуулагдаж явагдана. Жишээ нь "Баасан гарагийн орой байг л дээ. Болзох хүн байхгүй үед бид мал болтлоо уудаг тиймүү? Харин ирээдүйд та ханын цаасан дээрээ очоод “Ханан дээрх толь минь толь минь өнөөдөр хэн надтай уулзах боломжтой байна” гэж асууна. Ингээд таны ханын цаас өөр газруудад байгаа ханын цааснуудтай холбогдоно. Гол онцлог нь ханын цаас тань таны сонирхдог хүний дүр төрх, гадаад үзэмж, нас гээд бүгдийг мэддэг учраас хананы нөгөө талд бас л шидэт толиноосоо хүн гуйгаад сууж байгаа бас нэг амьтантай холбоод өгнө. Ингээд та хоёр уулзаад цагийг хөгжилтэй өнгөрөөгөөд байрандаа эргэж ирнэ. Харин дараа нь та кино үзэхийг хүснэ. Ингээд хана минь хана минь бид Касабланкаг үзмээр байна. Гэхдээ Хампри Богартын царайны оронд миний царай, Ингрид Бергманы царайны оронд миний бүсгүйн царай байгаагаар үзнэ гэж хэлэнгүүт биелдэг болох нөхцөл ойрхон байна.

- 50 мянган ам.доллараар хийгддэг ДНХ шинжилгээ тун ойрын ирээдүйд хэдэн зуухан долларын үнэтэй болно.

- Ухаалаг шил бий болж, уулзсан хүний чинь намтар түүхийг хэлж өгөхөөс гадна интернэтэд хүссэнээрээ зугаацах боломжийг бий болно.

- Ухаалаг контакт линз бий болно. Ийм линз бий болсны улмаас ирээдүйд оюутан сурагчид ямар нэг нэр, томъёо цээжилж биш харин гаргалгаа, санал дэвшүүлж шалгалт өгдөг болно.

- Хүний бүх эрхтнийг лабораторид ургуулна. Одоогоор давсаг, залгиур хоолой, чихийг амжилттай ургуулсан. Ойрын 5 жилд элэг ургуулна.

- Робот кинон дээр гардаг шиг аюултай болж хувиран, хүн алах хүртэл олон арван жил зарцуулагдана. Одоо бүтээгдсэн роботын тархи зөнөсөн, эргүү жоомтой адил байгаа. Гэхдээ ирэх жилүүдэд робот ухаалаг боллоо гэхэд хулганын түвшинд хүрч магадгүй. Дараа нь муур эсвэл нохойны түвшинд хүрэх байх. Дахиад хэдэн арван жилийн дараа сармагчны түвшинд хүрч магадгүй. Яг тэр үед нь бид тархинд нь чип суулгаж, алуурчны бодол төрөхийг нь зогсоох ёстой. Гэхдээ ойрын ирээдүйд биш. Олон арван жилийн дараа л болно.

- Стар Трек дээр гардаг шиг орон зайд шилжилт хийх боломжтой болно. Одоогоор атомыг шилжүүлж эхэлсэн.

- Үл үзэгдэгч нөмрөг үлгэр домог биш болно. Тун ойрын ирээдүйд бид харах болно.

- Хүний тархиндаа харж байгаа зүйлсийг mri ашиглан харж, дүрсийг нь гаргадаг болсон. Удахгүй зүүдийг дүрсжүүлнэ. гэх мэтчилэн маш сонирхолтой зүйлсийг The World in 2030 гээд лекцэн дээрээ ярьжээ. 

Эх сурвалж : Дэлхийн фото танин мэдэхүй 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү