Цахилгааны хөнгөлөлтөд 114 мянган хэрэглэгчийг хамруулна


7 жил

Эрчим хүчний салбар болоод нүүрсний уурхайнууд өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөгөө тухайн оныхоо эхэнд гаргаж, шат дараатайгаар хэрэгжүүлээд явдаг. Энэ дагуу эрчим хүчний салбарынхан өвлийн бэлтгэлээ базааж, өнөөдрийн байдлаар 80 орчим хувьтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд шинэчилж засварлах шаардлагатай дулааны шугам сүлжээ нэлээд хэд бий. Үүнд шаардагдах хөрөнгө мөнгийг Засгийн газраас цаг алдалгүй шийдвэрлэж, салбарын зүгээс засвар үйлчилгээг дор бүр нь хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байна.

Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өөрийнхөө хэмжээнд зайлшүй хийх ёстой засвар үйлчилгээг дотоод нөөц боломжоороо давхар хийж байгаа талаар салбарын яамнаас мэдээллээ. Түүнчлэн Агаар орчны бохирдлыг буруулах үндэсний хорооны зүгээс агаар, орчны бохирдлыг шийдэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, төвлөрсөн дулааны эх үүсвэрээс шугам татаж, жижиг уурын зуухуудыг холбох ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд нийтдээ 230 орчим уурын зуухыг төвлөрсөн дулааны эх үүсвэрт холбох ёстой. Одоогийн байдлаар Яармагийн эмнэлэг орчмын долоон уурын зуухыг холбосон. Үүн дээр нэмээд 63 уурын зуухыг энэ онд багтааж холбоно.

Маахуур толгой, Сонгинохайрханы цэргийн анги орчмын уурын зуухуудыг ерөнхийд нь цэгцэлж дуусгана. Нийслэлийн иргэдийг ая тухтай, утаагүй орчинд амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс Засгийн газар энэ ажлыг санаачилж, 15 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн гэр хорооллын айл өрхүүд цахилгаанаар гэрээ халаадаг бол шөнийн тарифыг хөнгөлж байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн жилийн тухайд гэр хорооллын айл өрхүүд олноороо цахилгаанаар халааж эхлэхээр шугам сүлжээнд ачаалал үүсч, хүндрэл гарсан тохиолдол бий. Энэ оны тухайд нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл нийслэлийн 114 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдах тооцоо байгаа.

Мөн аймгийн төвүүд 10 мянгаас дээш хүн амтай томоохон суурин газрууд ч цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. Энэ ажилд өнгөрсөн жил нийтдээ 3.6 тэрбум төгрөг зарцуулсан. Бидний зүгээс цахилгаан сүлжээ, дэд станцаа шинэчлэх, өргөтгөх ажлаа цаг тухайд нь гүйцэтгэхээр ажиллаж байна. Одоогоор график төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна гэдгийг Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж хэллээ. Өнгөрсөн жилүүдэд цахилгаанд холбогдоогүй айл өрхүүд хөнгөлөлтөөс гадуур үлдэж байсан. Тиймээс эдгээр айлуудын асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд одоогоор 8000 айлыг цахилгаан холбоод байгаа юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү