Д.Амарбаясгалангийн Хоршоо, гурилын хуулиуд БАТЛАГДЛАА


2 долоо хоног

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.04.19) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан10 цаг 47 минутад эхэлж, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж Д.Амарбаясгалангийн хоршоо, гурилын хуулиуд батлагдлаа. 

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 03 дугаар сарын 21, 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Улсын Их Хурлын даргын 2024 оны 49 дүгээр захирамжаар хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах, гурилын үнийг зохиомлоор нэмэгдүүлж байгаа эсэхийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүи Ж.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, Т.Энхтүвшин нар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллажээ.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төсвийн байнгын хороо 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн байна.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын 3 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн байна. 

Хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-2019 онд гурилын салбарын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад 240 тэрбум төгрөг, 2023 онд гурил үйлдвэрлэлийн хэмжээ 20 мянган тонноор буурсан хэр нь 430 тэрбум. Хоёр жилийн дотор гурилын үнэ нугарсан. Зарим нөхдийг үгсэн хуйвалдсан гээд шүүхэд өгөхөд 1,6 жилийн хугацаанд гацаасан. Танай намын бүлэгт хүсэлт тавьж байна. Нэн тулгамдсан асуудлаар завсарлага авахгүй үргэжлүүлж өгөөч гэж хүсэлт тавьж байна гэсэн юм. 

 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү