Галакси зуслан хоёр жил дараалан шилдэг зуслангаар шалгарлаа


7 жил

Нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, нийслэлийн шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын ажиллагаа”-г 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Нислэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

Хаалтын ёслолын үйл ажиллагааны үеэр зуслангийн ерөнхий шаардлага, стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлага хангасан Галакси, Мөрөөдөл, Сансар гэсэн гурван зусланг нийслэлийн шилдэг зуслангаар шалгарууллаа. Галакси зуслан нь 2016 онд шилдэг зуслан болж шалгарч байсан байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон холбогдох албаны хүмүүс шилдэг зуслан шалгаруулах ёслолын арга хэмжээнд оролцлоо.

“Энэ оны зуслангийн үйл ажиллагаагаа дүгнэж байна. Хүүхэд амрахад тав тухтай байр, хоол хүнс, хөтөлбөр зэрэгт нь хяналт тавьсан. Мөн энэ жил нийслэлийн хэмжээнд 22 зуслан үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрөл авсан байна. Зуслангуудын дунд болзолт уралдаан зарласныг дүгнэж, шилдэг зуслан шалгаруулж шагнаж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр ярилаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү