ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН АЛБАН ЁСНЫ ХӨТӨЧ НОМ БОЛОН ГАЗРЫН ЗУРАГ ХЭВЛЭГДЛЭЭ


7 жил

      Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялах, зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 90 гаруй хувь нь нийслэл хотоор дамждаг. Нийслэлчүүд хаяг байршлыг гудамжны нэрээр биш барилга байгууламж, автобусны буудлын нэрээр нэрлэж зорьсон газартаа хүрдэг бол гадаадын жуулчид ихэнхдээ хотын газрын зурагтай аялах шаардлага гардаг. Үүнтэй холбоотойгоор жуулчны мэдээллийн төвүүдээр Улаанбаатар хотын талаар мэдээлэл агуулсан жуулчдад зориулсан англи хэл дээрх хөтөч ном болон хотын газрын зураг эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. 

Иймээс Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь жуулчдыг хэрэгцээт мэдээллээр хангах зорилгоор “Ulaanbaatar Official Visitors Guide” болон “Ulaanbaatar Official Tourist Map”-ийг тухайн салбаруудын мэргэшсэн байгууллагуудтай хамтран англи хэл дээр жуулчдын хүртээл болго.  

“Ulaanbaatar Official Visitors Guide” хөтөч ном нь 100 хуудас бүхий гарт авсаархан буюу A5 хэмжээтэй, Улаанбаатар хотын соёл урлаг, үзвэр үйлчилгээ төвлөрсөн гол бүсүүдийг танилцуулахын сацуу ойр орчинд нь байрших түүхэн дурсгалт газрууд, музей, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн хөтөлбөр, жуулчны мэдээллийн төвүүд, “Шөнийн гэрэлт гудамж”, Элчин сайдын яамд, түргэн тусламж, цагдаа гэх мэт шаардлагатай үед яаралтай холбогдох газруудын утас, хаяг; автобусны тасалбар хэрхэн авах, такси хэрхэн захиалах тухай мэдээллүүдийг цогц байдлаар тусгажээ.

 

“Ulaanbaatar Official Tourist Map” газрын зураг нь дэлгэмэл байдлаар А3, эвхмэл байдлаар 18см*9см хэмжээтэй, Улаанбаатар хотын аялал жуулчлалын төв хэсэг, Тэрэлжийн бүс нутаг болон Энхтайвны өргөн чөлөөний дагуух газрын зургийг багтаасан байна. Мөн үзвэр үйлчилгээний газрууд, томоохон худалдааны төвүүд, хоолны газрууд, ЭСЯ-дууд, эмнэлэг гэх мэт жуулчдыг тав тухтай аялахад шаардлагатай мэдээллүүдийг өөртөө агуулсан юм.

    Үүнээс гадна Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Их Британиас гаралтай what3words компанитай хамтран орчин үеийн шинэлэг технологи, арга хэлбэрийг ашиглан хөтөч ном болон газрын зурган дээрх байршлуудыг хаягжуулав. Уг апп нь дэлхийн гадаргыг 3м x 3м хэмжээтэй квадратуудад хувааж, тус бүрт нь дахин давтагдашгүй 3 үгт хаяг оноосноор ямар ч хүн аливаа байршлыг алдаагүй тогтоож, бусад аль ч системээс илүү хурдан, хялбар, ойлгомжтой хэлж өгөх боломжтой хаягжилтын систем юм. Ингэснээр Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдад илүү хялбар, хурдан шуурхай зорьсон газраа, товлосон цагтаа очих боломжийг олгож байна.

 

   Хөтөч ном болон газрын зургийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 4 жуулчны мэдээллийн төвүүдээр болон Гадаад Харилцааны Яамтай хамтран Монгол улсаас гадаад улсуудад суугаа Элчин Сайдын Яамд, консулын газрууд мөн нисэх онгоцны буудал, томоохон зочид буудал, үйлчилгээний газрууд, аялал жуулчлалын компаниудаар дамжуулан үнэгүй түгээхээс гадна цахим хэлбэрээр жуулчдад түгээхээр ажиллаж байна.

Мөн тун удахгүй хөтөч ном болон газрын зургийн эхийг цахим хэлбэрээр тус газрын www.visitulaanbaatar.mn  вэб сайтнаас татаж авах боломжтой.

Жуулчны мэдээллийн төвүүдийн байршил:

Салбар 1. Чингэлтэй дүүрэг, Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, Бага тойруу, 4-р хороо, 1-р давхар

Салбар 2. Сүхбаатар дүүрэг , Сөүлийн гудамж-42, 45-р сургуулийн баруун урд талд “Монгол гэр”

Салбар 3. Сүхбаатар дүүрэг , Сөүлийн гудамж, Иргэдэд үйлчлэх төв

Салбар 4. Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Монгол Үйлдвэрчний эвлэлийн  холбооны байр

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү