Нүүрс олборлолтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ


7 жил

Налайх дүүрэгт нүүрс олборлодог “Жиншентан” ХХК-ийн MV-010423 дугаартай бас “Орд трейд” ХХК-ийн MV-002645 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах болжээ. Шийдвэрийг Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан байна.

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нүүрс олборлож буй далд малталтууд суурьшлын бүсийн доогуур нэвтрэх болсноос газар хагарах, байшин цуурах, суулт өгөх болсон тухай  мэдээлэл ирүүлжээ.


Үүний дагуу газар дээр нь очиж ажиллахад дээрхээс гадна Налайхын төмөр замд хүртэл суулт өгч  эхэлсэн байжээ.

Иймээс холбогдох албаныхан Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс олборлогч субьектуудад нэгдсэн дүрмийн хэрэгжилтийн байдлыг судалгаа хийсэн байна. Гэтэл 2017 оны байдлаар ашиглалтын 31 тусгай зөвшөөрлийг эзэмшигч аж ахуйн нэгжүүдээс Нөөцийн тайлан боловсруулан ТЭЗҮ хийлгэж баталгаажуулсан 2, 2016 оны уулын ажлын төлөвлөгөө батлуулан ажилласан 1, 2017 онд уулын ажлын төлөвлөгөө батлуулахаар материал ирүүлсэн аж ахуйн нэгж байхгүй байжээ.

Өнгөрсөн жилүүдэд эдгээр зөрчлийг арилгуулахаар холбогдох төрийн байгууллагууд олон удаагийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч тодорхой үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүргэжээ.

Хамгийн сүүлд 2013 оны 3-р сарын 28-нд Улсын мэргэжлийн хяналтын  байцаагчдын хамтарсан дүгнэлтээр зөрчил бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны эрхийг түдгэлзүүлж, хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн үйл ажиллагааг зогсоох тухай мэдэгдсэн.

Гэтэл өнөөдрийг хүртэл дурдсан зөрчлүүдээ арилгаагүй. Нэмээд улсын байцаагчийн тавьсан актыг зөрчиж ажилласаар иржээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү