Гэр хорооллын хөрсний бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ


7 жил

“Гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг сайжруулах замаар хөрсний бохирдлыг бууруулах төсөл”-ийн нээлт өнөөдөр боллоо. Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, байгаль орчны салбарын байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “1.3 сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын талаас илүү хувь нь гэр хороололд амьдарч байна. Манай хотод ариун цэврийн байгууламжийн асуудал хүн бүрийн санааг зовоосоор байгаа. Орон сууцны иргэд бохироо өөрсдөөсөө холдуулаад зайлуулчихаж байгаа боловч Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанаас шалтгаалаад үндсэндээ Улаанбаатар хот бохиртоо дарагдчихаад байна.

Тэгэхээр ийм үед  хөгжил дэвшлийн тухай, илүү сайн сайхан хотын тухай ярина гэдэг үнэхээр хүндрэлтэй. Үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг шийдлийг олоход их хэцүү, санаа зовоож байгаа асуудлын нэг болоод байна. Өнөөдөр яамныхан нийслэлтэй болон япончуудтай хамтраад энэ асуудлыг шийдэх зорилгоор төсөл эхлүүлж байгаад баяртай байна. Би энэ асуудлаар их олон хүнтэй уулзаж судалж байгаа. Дэлхийн орнуудад хэрэгжүүлж буй төсөл манай орны эрс тэс уур амьсгалд таардаггүй хэцүү талтай юм. Энэхүү туршилтын төслийн ажилд амжилт хүсье.  Хамгийн гол нь энэ төслийг хэрэгжүүлэхдээ хоттойгоо нягт уялдаатай ажиллаарай” хэмээн онцоллоо.

Төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам удирдан нийслэлийн Байгаль орчны газар хамтран ажиллаж, төслийн нэгжээр дамжуулан Чингэлтэй дүүргийн 12, 13, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд хэрэгжүүлэх аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү