Х.Баттулга VS Ч.Хүрэлбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчдад газар АШИГЛУУЛНА, АШИГЛУУЛАХГҮЙ


4 сар

Х.Баттулга: Гадаадууд манайд гэр бүлээрээ оршин тогтнох нөхцөл бий болгосон цоорхой хууль

МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулга гадаадуудад 100 жилээр газар ашиглуулах хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ. 

Тэрээр энэ талаар "Ч.Хүрэлбаатарын өргөн бариад байгаа хөрөнгө оруулалтын гэгч хуулийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд энэ асуудлаа олон нийтээр хэлэлцүүлээч ээ гэж шаардлага хүргүүллээ. Учир нь газрын асуудал бол хөнгөн хуурмаг хандаж болохгүй зүйл. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд нарийн эмзэг асуудлыг 126 гишүүнтэй болсныхоо дараа хэлэлцүүл гэж байгаа юм. 

1993 онд тавигдсан гадаадын хөрөнгө оруулалтын 100 мянган долларыг, 2013 оны 100 мянган доллар гэж толгой эргүүлж яриад байгаа. 100 мянган долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд манай нутагт гэр бүлээрээ оршин тогтнож, газар эзэмших нөхцөл бий болгосон цоорхой хууль болох нь.

Иргэдээрээ  2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүл гэдэг асуудлыг ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовниж УИХ-ын даргад хандлаа. УИХ-ын дарга хүлээж авлаа. Хүлээж авах л ёстой" гэлээ. 

 Ч.Хүрэлбаатар: Манайд хөрөнгө оруулж байгаа санал, санаачилгыг бид дэмжих ёстой

Харин Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Ерөнхийлөгч асан Х.Баттулга газрыг гадаадын хөрөнгө оруулагчид 100 жилээр ашиглуулах хуулийг эсэргүүцсэнтэй холбоотойгоор хариу мэдэгдэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлээд гүтгэлгийн мэдээг тараасан. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар гадаадын иргэдэд монголын газар нутгийг 100 жил өгөхөөр боллоо гэдэг мэдээлэл ч тарсан. Энэ бүхнийг зохион байгуулсан эзэн нь өнөөдөр гарч ирж, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцүүлэхгүй байхыг их хурлын даргад мэдээлж байна. 

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Монгол Улсад их хөрөнгө оруулалт орж ирж Монгол Улс хөгжиж, иргэдийн амьдрал дээшилнэ. Тиймээс олон хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын хөгжлийн хөдөлгүүр болдог хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай их, дээд сургууль байгуулагдаасай гэж хүсэж байгаа. Гадаадын эмнэлгүүд манай улсад үйл ажиллагаа явуулаасай. Жалгаар нэг хаягдаж байгаа арьс ширний үйлдвэрийг боловсруулдаг, бүтээгдэхүүний үйлдвэр бий болоосой гэж хүсдэг. Ингэж чадвал мянга, мянган залуус өндөр цалин хангамжтай болж, Монгол Улс хөгжих боломжтой. 

Би АН-ыг ардчилал, зах зээлийн харилцаа, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож ирсэн. Монгол Улсын хөрөнгө оруулалт төрийн хөрөнгө оруулалтаар бус хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар явах ёстой. Манайд хөрөнгө оруулж байгаа санал, санаачилгыг бид дэмжих ёстой. Хүний санал санаачилга, эрх чөлөөг дэмжиж байж бид хөгжинө.  

Монгол Улсын Засгийн газар Эдийн засаг хөгжлийн яам байгуулаад, хөгжлийн асуудлыг хурдасга гэсэн. Эдийн засгаа сэргээж, валютын нөөцөө бүрдүүлж чадсан. Гэхдээ уул уурхай тээвэр гэдэг салбар дээр гол өсөлт явж байгаа. Бусад салбарт эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа. Үүний улмаас эдийн засгийн өсөлтийн мөнгө өрхийн хаалгаар орохгүй удаад байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулалтын хуулийг яаралтай хэлэлцээч гэдэг хүсэлт өгсөн.  

Ч.Хүрэлбаатар 100 жилээр газрыг гадаадынханд өгөх боллоо гэдэг гүтгэлэг яригдаж байна. Хөрөнгө оруулагчдад газрын 60 жилээр ашиглуулна, түүнийг нь нэг удаа 40 жилээр сунгаж болно гэдэг хуулийг 1993 онд баталсан. Харин 2013 оноос 60 жилээр газрыг хөрөнгө оруулагчдад ашиглуулж, эзэмшүүлж болохоор болгосон. Ингээд газрыг 60 жилээр хөрөнгө оруулагчдад ашиглуулж, эзэмшүүлж болно. Түүнийгээ 40 жилээр нэг удаа сунгаж болно гээд 100 жилийн асуудлыг гаргасан. Харин 2023 онд Эдийн засаг хөгжлийн яам оруулж ирсэн хууль дээр эзэмшүүлэх гэдэг үгийг засаад, ашиглуулах болгож, Үндсэн хуульд оруулсан" гэв. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү