А.Амбасэлмаа: Хоёр хүнээс коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 300 боллоо


1 сар

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Нийт 490 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илэрлээ. Нэг нь анхны шинжилгээ бол нөгөөх нь дөрөв дэх давтан шинжилгээ бөгөөд сүүлийн шинжилгээг нягталсан буюу үндсэндээ 5 дахь шинжилгээ юм. 20 дахь хоногтоо илэрсэн.

Нийт хийсэн шинжилгээнд наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 248 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, Гаднын улс оронд явах хүсэлт гаргасан 12 хүн, сувиллын ажиглалтад байгаа 3 хүн, наймдугаар сарын 6-нд Дели-Улаанбаатар чиглэлээр ирсэн 187 хүний давтан, тусгаарлан ажиглах байранд байгаа 36 хүний давтан, тандалтын таван хүний анхны сорьц багтаж байна.

Монгол улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 300 болсноос эдгэрсэн 289 байна. Эдгэрсэн хүмүүсийн 31 нь сувилалд, 35 нь гэрийн ажиглалтад, 223 хүний ажиглалт тандалтын хугацаа дууссан. ХӨСҮТ-д 11 хүн эмчлэгдэж байгаагаас 1 хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 30 хүн тандалтад байна. 

2020 оны нэгдүгээр сараас хойш 20128 хүнд давхардсан тоогоор 50 мянга гаруй шинжилгээг хийж тандалт явуулсан. Нийт батлагдсан тохиолдлын 66 хувь нь ОХУ-аас 18 хувь нь Афганистанаас, бусад 16 орноос 1-13 тохиолдол зөөвөрлөгдсөн. Алтанбулагийн боомтоор 106 тохиолдол орж ирсэн, онгоцоор 179, жолооч 15 хүнээс вирус илэрсэн. 

Нийт батлагдсан тохиолдлуудын 31 хувь нь шинж тэмдэггүй хэлбэрээр батлагдсан. Нийт тохиолдлын 85 хувь хөнгөн, 1-2 хувь нь хүнд хэлбэрээр өвчилсөн. Өвчилсөн хүмүүсийн 70 хувь нь эрэгтэй ба 6-80 насны хүмүүс өвчилсөн дундаж нас нь 28, 15-аас доош насны 8, 55-аас дээш насны 16 хүн байна.

Гадагшаа явах хүсэлтэй нийт 624 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

ОХУ-д нэг өдөрт 4696 хүнээс халдвар илэрч, 120 хүн эндсэн бол БНХАУ-д 34 тохиолдол шинээр бүртгэгдсэний 15 нь гадаад улс орноос зөөвөрлөгджээ. Японд 716 хүнээс халдвар илэрч 14 хүн эндсэн байна. БНСУ-д 320 хүн шинээр халдвар авсан ба сурагчдын дунд голомтлон гарсан байна.

Нидерланд, Бельги улсад коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүсээс дахин халдвар илэрчээ. Эргээд халдвар авахдаа шинж тэмдэггүй байжээ. 

Тусгаарлах ажиглалтад 297 хүн шинээр орж 6 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Одоогоор 3864 хүн тусгаарлах байранд байна. Цэргийн төв эмнэлэгт үүргийн онгоцоор ирсэн 54 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүн эрчим эмчилгээний тасагт байна.

Өвөрхангай аймагт өнөөдөр тарвгана тахлын сэжигтэй тохиолдлоор гурван хүн эмнэлэгт хэвтсэн. Ээж хоёр хүүхдийн хамт наймдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Богд суманд байхдаа тарвагны мах идсэн өгүүлэмжтэй. Бөөлжиж суулгах зовиуртай хүмүүс ирсэн. Ээжийнх нь эхний түргэвчилсэн шинжилгээнээс тарваган тахлын нян илэрсэн. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү