Жишиг гудамжны тохижилтой танилцлаа


4 жил

Улаанбаатар хот тэлэхийн хэрээр хөрсний бохирдол ихсэж байгаа нь сэтгэл эмзэглүүштэй асуудал болоод байгаа бөгөөд экогеохимийн судалгаагаар 360 цэгээс сорьц авч шинжлэхэд 88.0 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн судалгаа бий.
Хөрсний бохирдлын гол эх үүсвэр гэр хорооллын 190 мянга гаруй өрхийн ариун цэврийн байгууламжийн 80 хувь нь стандартад нийцэхгүй байгаатай шууд холбоотой юм.
Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслийн зүгээс хөрсний бохирдлын эсрэг сайжруулсан ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлж, хаягдал ялгадсын төвлөрсөн бус менежментийг иргэд, төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан бэхжүүлэх замаар иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 дугаар хорооны иргэдийн бүлэгтэй хамтран 43 дугаар гудамжийг жишиг гудамж болгон тохижуулж, 20 өрхөд нэвчилтгүй суурийн нүхтэй ариун цэвийн байгууламж барьж өгөх ажлыг хийж гүйцэтгээд байгаа билээ.
Өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Ганчимэг, Дүүрэг хөгжлийн төвийн дарга А.Түмэннасан, төлөөлөгч М.Мэндбаяр болон бусад албаны хүмүүс ажлын явцтай танилцлаа.

Төслийн багийнхнаас энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд тулгарсан бэрхшээл, амжилт ололттой талуудаа танилцуулаад иргэдийн оролцоо илүү чухал байсныг дурдсан бол ИТХ ын дарга Ш.Ганчимэг хүүхэд,гэр бүлийн сайн сайхны төлөө хамтран зүтгэж, төрийн ачааг хөнгөлж буй тус олон улсын байгууллагад талархахын зэрэгцээ дүүргийн зүгээс иргэдийн оролцоонд тулгуурлан олон жишиг гудамж байгуулан, иргэдийнхээ ая тухтай амар амгалан амьдрах орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаагаа дуулгаад цаашид ч хамтран ажиллахыг уриаллаа.
Дашрамд дурдахад Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагаас Баянзүрх дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2018 оны 01 сарын 08 ны А/01 захирамжаар Гэр бүлийн амьжиргааг дэмжих, хүүхдийн эрх хамгаалал, оролцоо нөлөөллийн ажлыг эрчимжүүлжүүлэх Ажлын хэсэг байгуулагдсан байдаг бөгөөд давхардсан тоогоор 10700 гаруй хүүхдүүдэд хүрч ажиллан, 23000 орчим иргэдийг хамруулан олон нийтийн үйл ажиллагаа явуулсан байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү