Монгол охин шатрын спортын оргилд хүрлээ


5 жил

Монголын шатрын түүх өнөөдөр нэгэн шинэ амжилтаар зузаарч шатарчин охин Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/-ны шинэчилсэн чансаагаар шатрын ертөнцийн хамгийн том цол Их мастерын болзлыг биелүүлжээ.

Д.Номин-Эрдэнэ таван настайдаа шатар нүүж сурсан бөгөөд зургаан настай тэмцээнд оролцож эхэлжээ.

Тэр 10 настайдаа өсвөрийн дэлхийн аварга болж, 14 настай Олон улсын мастер, Эмэгтэйчүүдийн Их мастер цолуудыг хүртэж, энэ цол хамгийн залуудаа хүртсэн Монголын эмэгтэй шатарчин болсон түүхтэй. Харин өнөөдөр 19-хөн настайдаа Д.Номин-Эрдэнэ Дэлхийн шатрын хамгийн дээд цолд хүртэж чадлаа.

Эмэгтэй шатарчдаас Их мастер цолыг анх ЗХУ-ын домогт шатарчин Нона Гаприндашвили 1978 онд хүртэж байсан бөгөөд өнөөг хүртэл Унгарын алдарт эгч дүү шатарчин Сюзан болон Юдит Полгар, ЗХУ-ын Майя Чибурданизе тэргүүтэй 37-хон эмэгтэй шатарчин энэ эрхэм дээд цолыг хүртсэн байна.

Шатрын Их мастер цолыг монголчуудаас Б.Хатанбаатар, Д.Шаравдож, Ц.Батчулуун, Б.Гүндаваа, Д.Номин-Эрдэнэ нар хүртээд байгаа бол эмэгтэйчүүдийн Их мастер цолыг Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ү.Үүрийнтуяа, А.Энхтуул нар хүртжээ.

Олон улсын шатрын холбоо /ФИДЕ/-ны гишүүн 200 шахам орноос хамгийн олон Их мастертай нь ОХУ -255, АНУ-101, БНХАУ-48 гэсэн амжилтаар эхний гуравт бичигддэг бөгөөд Монгол Улс /таван Их мастер/ 57-д бичигдэж байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү